“Эрх зүйн шилдэг баг” шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-12 11:28:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Эрх зүйн шилдэг баг” шалгаруулах уралдааныг энэ оны 12 дугаар сар хүртэл зарлалаа.

Иргэдийн эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээ, мэдлэгийг цахим болон бусад байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбар хэлбэрээр хүргэх, эрх зүйн хөтөч нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэ уралдааныг зарласан бөгөөд бүх сумын эрх зүйн баг, эрх зүйн хөтөч нар оролцох юм. Эрх зүйн хөтчөөр сумын ИТХ-ын ажилтан, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нар ажилладаг байна.

-Сумын вэб сайт ажиллуулан хууль, эрх зүйн сурталчилгаа, зөвлөгөө өгөх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон эрх зүйн мэдээлэл болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, богино хэмжээний кино, сонин, сэтгүүл, гарын авлага, контент зэргийг бэлтгэн сургалтад ашигласан байдлыг уралдааны шалгуур үзүүлэлтэд орууллаа. Мөн сумын төвөөс алс нутагладаг малчин, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдэд чиглэсэн сургалтыг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хийх, олон нийтэд чиглэсэн шинэлэг ажил санаачлан хэрэгжүүлсэн байх шалгуур үзүүлэлт гаргалаа гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Сумын эрх зүйн багаас зохион байгуулсан ажлыг дүгнэн шилдэг таван багийг шалгаруулан 200-800,0 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ