Цар тахлаас сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хянах Түр хороог байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-12 18:37:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, COVID-19 цар тахалтай холбогдуулан баталсан хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцлээ. 


УИХ-аас өнгөрсөн долоо хоногт "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан бөгөөд хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий Түр хороог Байнгын хороо болон УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар төлөвлөжээ. Тогтоолын төслийг энэ хүрээнд боловсруулсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.


Түр хорооны даргаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, гишүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарыг багтаажээ. Мөн цөөнхийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ.


Түр хороо нь уг хуулийн хэрэгжилтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад Байнгын хороогоор энэ хуулийн хэрэгжилтийг хэлэлцүүлэх санал гаргах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.


Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.


Үргэлжлүүлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах танилцуулга хийсэн юм. Хуралдаанд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцов.


Мөн Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэгтэйгээр Байнгын хорооноос байгуулагдаж ажилласан ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Хаянхярваа танилцуулав.


Тайлан, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МҮОНРТ-ийн ерөнхий захирлаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж, Үндэсний зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаагаа хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.


Хуралдааны төгсгөлд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ