Монгол гэр бүлийн өнөөгийн байдал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-05-15 12:52:09

“Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэж монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Нэг хүнээс хоёрыг илүүд үзсэн энэ хэллэг, өнөөдрийн ойлголтоор гэр бүлийг бөх бат байлгах гэсэн санааг илэрхийлэв гэлтэй. Харин өнөөдөр гэр бүл бөх бат байж чадаж байна уу? Энэ асуултад хариулахын тулд  хүн амын тоон үзүүлэлтийг авч үзье. Монгол улсын хүн амын 50.8 хувь (1646631) нь эмэгтэйчүүд, 49.2 хувь (1591800)-ийг эрэгтэйчүүд  эзэлдэг. Хүйсийн харьцааны тоон үзүүлэлтийг харвал зөрүү бага байна. Харин улсын хэмжээнд 897,850 өрхтэй. Тэдгээрээс 69,503 өрхийг эмэгтэйчүүд толгойлдог гэсэн мэдээлэл Үндэсний статисткийн хороо (ҮСХ)-ны мэдээллийн санд байна. Гэр бүлийн бөх бат байдлын талаарх үнэлгээг уншигч танд үлдээе.


Энэ цаг үед ахуй (гэр бүл)-н архидалт, гэр бүлийн салалтын  үндэс болсон талаар дээр дооргүй ярьж байна. Ярихаас өөр арга байхгүй байх. Ярих бол нэг хэрэг. Хийх ажлын 50 хувь нь ярих ч гэж хэлсэн байдаг. Гэхдээ л гэр бүлийг доройтуулах үндэс болоод байгаа хор аюулыг зайлуулах талаар эргэлтийн шинжтэй шинэ зүйл хийж чадаагүй байна. Ийм учраас  гэр бүлээ цуцлуулж байгаа иргэдийн тоо олон байна. Жилд ойролцоогоор 4000 орчим иргэн гэр бүлээ цуцлуулдаг гэнэ. Тоон талаас нь аваад үзвэл өндөр харагдана. Харин хүн амын өсөлттэй холбон авч үзвэл, тэр тусмаа  1000 хүн тутамд ногдох байдлаар одоогийн гэр бүлээ цуцлуулах явдлыг 1970 онтой харьцуулж үзвэл 1.9 хувиар өссөн гэж мэргэжилтнүүд тайлбарлах юм.  Гэхдээ энэ бол 50 жилд гарч байгаа өөрчлөлт гэдгийг санахад илүүдэхгүй.  



Хамт олон хүнийг хүмүүжүүлнэ. Энэ уриан дор монголчууд социализмын 70 жилийг үдсэн. Түүнээс хойш 30 жил өнгөрлөө. Ахмадуудын ярьдагаар хэд хэдэн төрийн нүүрийг өнөөгийнхөн үзжээ. Өнгөрсөн хугацаанд гэр бүл бөх бат байх талаар хэн юу хийв? Энэ хэлхээ холбоог бөх бат байлгах үүднээс НҮБ-ын Ерөн­­­хий ассамб­лей 1993 оны есдүгээр са­рын 20-ны хэлэл­цээрээр 1994 оноос жил бүрийн тав­­дугаар сарын 15-ыг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгон зарласан. Монгол ул­сын хувьд энэ өдрийг 15 удаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ жилийн хувьд улс орон даяар “өндөржүүлсэн бэлэн байдал зарласан” тул бүх нийтийг хамарсан том арга хэмжээ зохион байгуулах боломжгүй. Харин 2019 онд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтан 5 дугаар сарын 14-нд төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулжээ. Ерөнхийлөгч, ХНХ-ийн сайд гээд албаны олон хүн тэр арга хэмжээнд оролцож  үг хэлсэн байдаг. Маш тодорхой тоо баримтууд дурдагджээ.


Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэр бүлийн талаар хэн юу хийв? Мэдээжийн хэрэг гэр бүл рүү чиглэсэн, хүний гар дээр очих бэлэн мөнгөний урсгалыг нэмэх талаар нийтийг хамарсан цар тахалтай уялдуулан олон зүйл хийлээ. Түүний зах зухаас нь дурьдвал, зарим иргэдэд сард 16,000 төгрөгийн хүнсний тасалбар олгож байсан, түүнийг 32,000 төгрөг болгон нэмсэн байх жишээтэй. Халамжийн сангаас 188,000 төгрөгийн тэтгэмж, тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмэн олгох боллоо. Ажилгүйн улмаас гар дээрээ бэлэн мөнгөгүй гэр бүлийн орлогын гол эх үүсвэр нь хүүхдийн 20,000 төгрөг байдаг. Түүнийг 6 сарын хугацаатай сард 100,000 төгрөг болгон олгож эхэллээ. Өнгөц харвал бага мөнгө. Харин хүрч байгаа эзэндээ том тус болдог юм билээ. Гэр бүлд очих бэлэн мөнгөний урсгалыг нэмэхээр “бэлэн мөнгө тараалаа”, “хүүхдийнхээ мөнгөөрөө архи уудаг” гэсэн буруу ойлголт нийгэмд гарч ирдэг сул талтай. Энэ сул талыг дарж орлогогүй гэр бүлийн иргэдийн гар дээр очих бэлэн мөнгөний урсгалыг дэмжих төрийн тогтолцоо бий болгох хэрэгтэй байгаа юм. Бага мөнгийг хүн зайлшгүй зүйлдээ зарцуулдаг. Ийм болохоор “мөнгө хэдий чинээ бага байна, төдий чинээ хатуу байдаг” гэж хүүхдийн мөнгөнөөс өөр бэлэн мөнгөний орлогогүй зарим иргэд ярьдаг. Энэ бол бусад гэр бүлд бага мөнгөөр амьдарч болохыг харуулсан сайн жишээ. Гэхдээ гар дээрээ бэлэн мөнгөгүй гэр бүлийг эрсдэл тойрохгүй. Бэлэн мөнгөний хомсдол гэр бүлийн бөх бат байдлыг алдагдуулах бас нэгэн томоохон шалтгаан гэж хэлж болно.


Түүнээс гадна, хамтран амьдрагч гэх нэр томьёо иргэдийн амьдралд ороод иржээ. Хамтран амьдрагч гэдэг нь баталгаагүй, төрд данслагдаагүй гэр бүл. Гэтэл залуусын дунд “хамтран амьд­рагч” гэх ойлголт газар авчээ. Монгол Улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдарч байна гэсэн судал­­гаа байдаг. Энэ бол гэр бүлийн тухай уламжлалт ойлголт өөрчлөгдөж байгаа нэг хэлбэр. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Цаашдаа гэр бүлийн уламжлалт ойлголт өөрчлөгдөж олон янзын хувилбар гарч ирэх нь дамжиггүй. Харин бид монгол гэр бүл нийгмийн дунд бүрэлдэн тогтож байгаа шинэ нөхцөлүүдтэй нүүр тулахад бэлэн үү?

Холбоотой мэдээ