Эмч, сувилагчдын мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-15 12:34:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийтдээ 1175 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас их эмч 197, эм зүйч 46, бусад дээд мэргэжилтэн 57,  сувилагч 293, эмнэлгийн бусад мэргэжилтэн 380 байна. Өнгөрсөн 4 жилд үндсэн мэргэжлээр 41, төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад 28 их эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн, 166 сувилагч тусгай мэргэжилтэн хамрагдсан нь нийт их эмч, дээд мэргэжилтний 25 хувь, сувилагч тусгай мэргэжилтний 28 хувийг эзэлж байгаа аж. Мөн сум дундын 3 эмнэлгийг үндсэн болон нарийн мэргэжлийн эмчээр 100 хувь хангасан байна.

“2016, 2019 онд Тайванийн Тайпу эмнэлэгт нүд, гемодиалезийн чиглэлээр эмч сувилагчийг багаар нь, 2017, 2018 онд Япон, Солонгос улсад Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, эх баригчийг багаар нь, 2019 онд Тува улсын 1 дүгээр эмнэлэгт аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сувилагч нарыг багаар нь тус тус сургасан. Мөн ОХУ-ын Улаан-Үдэд ЭХО-гийн эмч, Франц, ОХУ-д зүрх судасны эмч, БНХАУ-д нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Солонгос, Швейцар, Тайваньд эрүүл мэндийн салбарын удирдлагууд, нийтдээ 21 хүнийг гадаадын сургалтад хамруулж чадавхжуулсан” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр хэллээ.

Холбоотой мэдээ