Коронавирусээр халдварласан тохиолдол 135 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-05-16 12:13:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4.6 сая хүн өвчилж, 308 мянган хүн нас бараад байна. Мөн 1.7 сая хүн эдгэрч 2.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас хийдэг ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл онцоллоо. 

Манай улсад өнөөдөр 1623 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээ тандан судалгаа хийлгэж байна. Улсын хэмжээнд 1 дүгээр сараас хойш 7195 иргэн тусгаарлагдан ажиглалтад орсон.


Гадаад орнуудаас сүүлийн нислэгүүдээр ирсэн иргэдийг оролцуулаад тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 5 хүртэл насны 104 хүүхэд, жирэмсэн эх 61 байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ. 


Манай улсад "COVID-19"-ийн халдвартай нь батлагдсан хүний тоо 135 боллоо. Үүнээс 20 иргэн эдгэрч эмнэлгээс гарч, бусад өвчтөнг ХӨСҮТ-д эмчилж байна. 


Гадаадаас иргэдээ татаж авч байгаа энэ үед халдварын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид Цэргийн төв эмнэлэгт "COVID-19"-ийн халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчлэхээр төлөвлөжээ. Тавдугаар сарын 15-ны шинжилгээгээр халдвартай 37 иргэн шинээр оношлогдож, Монголд коронавирусний халдвар авсан хүний тоо 135 боллоо. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 37 иргэнээс коронавирус илэрлээ. Эдгээр иргэнийг Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ рүү авчирч байна.

Монголд "COVID-19"-ийн халдвартай нь батлагдсан 20 иргэн эдгэрч эмнэлгээс гарч, бусад өвчтөнг ХӨСҮТ-д эмчилж байна. Тус эмнэлгийн ачаалал ихсэж байгаа тул  "COVID-19"-ийн халдвартай өвчтөн эмчлэх 2 дахь эмнэлэг болгон Цэргийн төв эмнэлгийн бэлэн байдлыг хангажээ.

Б.Болд


Холбоотой мэдээ