Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хучилт бүхий зурвастай аймаг, орон нутгийн нисэх буудал аэродромын арчлалт, цэвэрлэгээ хийх зориулалтын машин, техниктэй болж байна.
Тодруулбал, ЗТХЯ-наас Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Доной, Дорнод аймгийн Чойбалсан зэрэг нисэх буудалд МАЗ-490843 маркийн автомашин тус бүр нэгийг хүлээлгэн өглөө. Тус техник нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж.
Техникүүдийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нар хүлээлгэн өглөө.
Дурдсан аймаг, орон нутаг руу дотоодын агаарын тээвэрлэгч "Хүннү эйр", "Аэро Монголиа" зэрэг агаарын тээврийн компаниуд нислэг хийж байгаа юм. Өнгөрсөн 2019 оны байдлаар Говь-Алтай аймаг руу тээвэрлэсэн зорчигчдын тоо 60 хувь, Өмнөговь аймаг руу тээвэрлэсэн зорчигчдын тоо 311 хувиар өсжээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Хэнтийн Дадал, Ховдын Булган, Говь-Алтайн Алтай зэрэг алсын сум, сууринд жижиг оврын онгоцыг онцгой байдал, түргэн тусламж зэрэг зориулалтаар нисгэхээр төлөвлөж байна.
ЗТХЯ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг ийнхүү хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд, өнгөрсөн онд Завхан аймгийн Доной нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явган зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Мөн Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлын явгалах замыг өргөтгөсөн.
Эдгээр бүтээн байгуулалт нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулахад дэмжлэг болж байгаа юм. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Хэнтийн Дадал, Ховдын Булган, Говь-Алтайн Алтай зэрэг алсын сум, сууринд жижиг оврын онгоцыг онцгой байдал, түргэн тусламж зэрэг зориулалтаар нисгэхээр төлөвлөн ажиллаж байна.