Европын орнууд наран шарлагын газруудаа нээж эхэллээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-17 11:10:58

ЛОНДОН. /BBC/. Бямба гаргийн байдлаар дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 4.5 сая давж, 308 мянга орчим хүн нас бараад байна. Эдгээр нь улс орнуудын албан ёсны статистик мэдээлэл боловч бодит байдал дээр энэ үзүүлэлтүүд илүү өндөр байх үндэслэл бий гэж шинжээчид үзэж байгаа юм. 


Үүний зэрэгцээ олон оронд шинээр халдвар авах тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмийг сулруулсаар байна. Франц, Грек, Италид хэдий хязгаарлалттай байгаа ч хэдэн зуун наран шарлагын газрыг нээлээ. Үүнээс гадна, Германд Бундеслигийн тоглолтуудыг сэргээж бямба гарагт зургаан тэмцээн болжээ.


Коронавирусний цар тахалд хамгийн их өртсөн АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим эдийн засагт түлхэц өгөхөд нэмж 3 их наяд ам.доллар гаргахыг дэмжлээ. Гэхдээ энэ асуудлыг Сенатын танхимаар хэлэлцүүлнэ.


Европын өмнөд хэсэгт наран шарлагын улирал эхэллээ

Франц, Италид хэдэн зуун наран шарлагын газар нээгдсэн боловч далайд очихыг хүссэн хүмүүс маш олон байгаа учир хүмүүс зай барих шаардлагыг биелүүлэхийн тулд хэдэн цагаар ээлж дараагаа хүлээж байгаа аж.


Францын эрх баригчид иргэддээ тэвчээртэй байхыг уриалаад, хэрэв наран шарлагын газруудад олон хүн цуглаж эхэлбэл цагдаа нар амрагчдыг тараана гэдгийг анхааруулж байна.


Эдийн засагт нь аялал жуулчлалын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг Грекийн эрх баригчид мөн далайн эргийн зарим газраа нээсэн байна. Гэсэн хэдий ч хязгаарлалт, хоригууд тэнд хэвээр байгаа юм.


Бямба гарагт орон даяар 500 орчим наран шарлагын газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн боловч иргэд зай барих журмыг дагаж мөрдөх ёстой. Наран шарлагын газруудад 1000 хавтгай дөрвөлжин метр тутамд 40 хүнийг хүлээж авах бол наран шүхрүүдийг дөрвөн метрийн зайтай байрлуулах ёстой байна.


Грект аялал жуулчлалын улирал долдугаар сард нээгдэнэ гэж найдаж байгаагаа тус улсын Ерөнхий сайд Кириакос Мисотакис өмнө нь мэдэгджээ.


Их Британи хязгаарлалтыг сулруулж байна, гэхдээ аажмаар

Их Британид зарим хязгаарлалтыг сулруулсан ч хүмүүст далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн рүү явахаасаа өмнө дахин нэг удаа бодохыг зөвлөж байна.


Англичуудын хувьд агаарт хязгааргүйгээр цагийг өнгөрөөх, тэр ч байтугай олон нийтийн газар наранд шарах анхны амралтын өдрүүдөө өнгөрөөж байгаа юм.


Түүнчлэн танилуудтайгаа уулзахыг зөвшөөрсөн боловч гэртээ нэг дор бус тус тусад нь уулзахыг зөвшөөрчээ. Хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг цуцалсан хэдий ч Уэльс, Шотланд, Умард Ирландад онцын шаардлагагүй тохиолдолд гадагш зорчихгүй байхыг урьдын адил зөвлөсөн хэвээр байна.


Үүний зэрэгцээ хэдэн зуун хүн коронавирустэй тэмцэхээр нэвтрүүлсэн хатуу дүрэм журмуудыг эсэргүүцэн Лондоны Гайд-паркт цуглажээ. Эдгээр дүрэм журам нь үг хэлэх, явах суух эрх чөлөөг нь хязгаарлаж байна эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод үзэж байгаа аж. Тэд “Эрх чөлөө айдсаас дээгүүр” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьцгаасан байжээ.


Цагдаа нар хоорондоо зай барих журмыг дагаж мөрдөхийг шаардаж, жагсагчдыг тараахыг оролдсоныхоо дараа хэд хэдэн баривчилгаа явуулсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд лейбористуудын удирдагч асан Жереми Корбины дүү Пирс байжээ.


Германд их хөл бөмбөг хэрхэн эргэн ирж байна вэ?

Германд хоёр сар завсарласны дараа Бундеслигийн тэмцээнүүд үргэлжилж байна. Бямба гарагт зургаан тоглолт хоосон цэнгэлдэх хүрээлэнд болжээ.


Тоглолтуудыг сэргээхээс өмнө бүх багийн гишүүд хорио цээрийн дэглэмд байсан бөгөөд тоглогчдыг зочид буудлын өрөө, бэлтгэлийн талбайгаас өөр газруудаар явуулахгүй байгаа аж.  


Тоглолтын өмнө талбай дээр гар барьж, багаараа зураг авахуулахгүй. Аварга шалгаруулах үеэр тоглогчид коронавирусний шинжилгээнд тогтмол хамрагдана.


Америкчуудад тусламж үзүүлэх 3 их наяд ам.долларын хувь заяа

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 3 их наяд ам.долларын санхүүгийн багц арга хэмжээг баталлаа.


Хэрэв хуулийн уг төсөл батлагдвал төсвөөс асар их хэмжээний мөнгийг коронавирустэй тэмцэхэд болон эдийн засгийн хямралд өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэхэд зарцуулна.


Энэхүү арга хэмжээг Ардчилсан намынхан дэмжиж байгаа боловч олонхын суудлыг Бүгд найрамдах намынхан эзэлдэг Сенатын танхим хэлэлцэх ёстой бөгөөд батлагдах магадлал тун бага байгаа юм. Цагаан ордон ч мөн хориг тавина гэдгээ мэдэгджээ.


Ноход коронавирусийг үнэрлэдэг үү?

Их Британийн эрдэмтэд өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө нохойг коронавирусийг үнэрлэж сургах боломжтой эсэхийг судалж эхэлжээ.


Тус улсын Засгийн газар туршилтын энэхүү хөтөлбөрт 500 мянган фунт стерлинг /605 мянган ам.доллар/ гаргажээ. Эрдэмтдэд коронавирусний үнэрийн дээжүүдийг “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй Лондоны эмнэлгүүд өгөх бол Лабрадорс, Спаниэль үүлдрийн нохдыг сургах аж.


Одоогийн байдлаар янз бүрийн орнуудад хийсэн судалгаагаар нохой чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар, хумхаа, Паркинсоны өвчтэй хүмүүсийг  үнэрээр нь ялгаж таниж чаддаг болох нь тогтоогджээ.


Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургууль, Дарем хотын их сургуулийн эрдэмтэд болон “Medical Detention Dogs” буяны байгууллагын мэргэжилтнүүд коронавирусний үнэрийг судлахаар ажиллаж эхэлсэн байна.


 


Холбоотой мэдээ