Ухань хотын удирдлагууд коронавирусний дэгдэлтийн цар хүрээг нуун дарагдуулсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-18 09:35:14

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний халдвар анх дэгдсэн Ухань хотын эрх баригчид эхэндээ халдварын тархалтын бодит цар хүрээг нуухыг оролдсон гэж уг вирустэй холбоотой асуудал хариуцсан БНХАУ-ын Засгийн газрын тэргүүлэх зөвлөх Жун Наньшань "CNN" телевизэд ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.


“Тухайн үед хотын удирдлагууд үнэнийг хэлэхийг хүсээгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Тэд бүр анхнаасаа чимээгүй байсан, харин би тухайн үед халдвар авсан хүмүүсийн бодит тоо тэдний мэдээлж байснаас илүү гэж хэлэх байсан” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Халдварт өвчин судлаачийн хэлснээр, Уханьд илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 10 хоногийн турш ижил түвшинд байхад халдвар аль хэдийнэ Хятадаас гадна тархаад эхэлчихсэн байсан нь түүнд сэжиг төрүүлсөн байна. Үүнээс гадна, дэгдэлтийг судлахаар нэгдүгээр сарын 18-нд Ухань хотод биечлэн очиход нь бодит байдал эрх баригчдын мэдээлснээс хавьгүй хүнд байгаа гэж орон нутгийн олон эмч нар түүнд анхааруулж байжээ.


“Би албан ёсны мэдээлэлд итгээгүй. Тиймээс удирдлагуудаас бодит тоо баримтыг өгөхийг хүссэн. Тэд миний хүсэлтэд маш дурамжхан хариу өгсөн” гэж Жун Наньшань хэлсэн байна. 


“CNN” телевизээр мэдээлснээр, Жун Наньшань нь шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг гэдгийг нэгдүгээр сарын 20-нд Хятадын төв телевизээр /CCTV/ анх мэдэгдсэн хүмүүсийн нэг юм. Харин Уханийн эрх баригчид эсрэгээр нь мэдэгдэж байжээ.


Холбоотой мэдээ