Зүүнговь, Хяргас сумын байгаль орчны чиглэлээр хийж буй ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-18 10:59:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Буянцогоор ахлуулсан ажлын хэсэг Зүүнговь, Хяргас суманд ажиллаад иржээ.

Тэд тус сумын удирдлага, байгаль орчны ажилтнуудтай уулзаж, 2020 онд байгаль орчны чиглэлээр хийж буй ажлын талаар харилцан мэдээлэл солилцсоноос гадна байгаль хамгаалагч нарын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, компьютер дээрх мэдээллийн бааз, эмх цэгцийг нь үзэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Тэрчлэн тус сумдын төвлөрсөн хогийн цэгийг үзэж, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, тэвштэй бүхэн ачиж дуртай газраа хог хаях асуудал дээр хяналт тавьж ажиллахыг байгаль орчны ажилтнуудад үүрэг болгожээ. Тэрчлэн Хяргас сумын Тэрэм хадад барьж байгаа хөв цөөрмийн ажилтай танилцаж, инженер техникийн ажилтнууд болон удирдлагатай нь харилцан мэдээлэл солилцож, хяналт хийсэн байна.

Мөн үеэр байгалийн нөөцийн хууль бус ашиглалт болон бусад асуудлаар маршрутын дагуу хяналт шалгалт явуулж, Зүүнговь сумын Урт булаг, Алтан элсний чиглэлийн аяллын маршрутын дагуу замын тэмдэг, тэмдэглэгээ хийх газрыг байр зүйн зураг дээр ярилцаж тэмдэглэжээ. Маршрутын дагуу 3 нууран дээр шувууны ажиглалт хийн бүртгэл хөтөлж, шувууны үхэл хорогдлын талаар ажиглалт явуулсан байна.

Холбоотой мэдээ