Гэрээсээ музей үзэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-18 10:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын музейд 18 цагаас “Хотын соёл ба музей” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт “Гэрээсээ музейд” төслийн багийн гишүүд, “UB COMEDY” клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг, музей судлаач, ажилтнууд оролцох юм.

"Зориг сан", "Швейцарийн Хөгжлийн Агентлаг"-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ музейд" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. 

Хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, залууст үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс дээрх төслийг санаачилжээ.   

Энэхүү төсөл нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэд, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулж байна. Үүнд Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтжээ. Төслийн хүрээнд залууст хүргэж буй контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, UB.LIFE сайтаас хүлээн авч сонирхох боломжтой. 

 

Холбоотой мэдээ