Нөмрөг сумын НӨАТ төлөгч аж ахуйн нэгжийн тоо эрс өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-19 15:12:58

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нөмрөг суманд зам дагаж хөгжил ирснээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний эрэлт өсжээ.

Учир нь тус сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон. Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто зам өнгөрсөн жил ашиглалтад орсон байна. Манай сумыг дайран өнгөрч буй концессын гэрээгээр хийсэн энэ зам  Нөмрөг сумын иргэдэд хэрэгтэй маш том бүтээн байгуулалт болжээ.

Өнөөдрийн байдлаар тус сумаар дайран өнгөрөгчдийн тоо эрс нэмэгджээ. Жилийн дөрвөн улиралд дотоод, гадаадын жуулчид энэ замаар дайран өнгөрөхдөө сумын амралтын газар, жуулчны газруудын үйл ажиллагаанд ч сайн нөлөө үзүүлж байна. Зам дагаж эдийн засгийн болоод иргэдийн амьдралд нэлээд том хөрөнгө оруулалт болж байна. Өнөөдрийн байдлаар суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээний газруудыг нээж бизнес эрхлэх иргэдийн тоо эрс өссөн байгаа. Тухайлбал 2019 онд татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, татварын орлого  өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны татварын орлого орон нутагт 45.5 сая төгрөг төлөвлөснөөс 213 сая төгрөгийн орлого орж 167.5 сая төгрөгөөр давуулан биелүүлжээ. Гаднаас хөрөнгө оруулалт их орж ирж байна. Үүнийгээ дагаад хөдөөгийн сумын иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгох,  үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, сум орон нутгаа өргөжүүлэх, өнгө үзэмжийг нь сайжруулах тал дээр сумын удирдлагууд онцгойлон анхаарч ажиллаж байна. 

Өнөөдөр хүнсний дэлгүүр, супермаркетийн барааны эргэлт сайжирч, өрсөлдөөн бий болж байна. Үүнийгээ дагаад НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо өссөн. Байгалийн хүндрэл бэрхшээлтэй үед тусламжийн өвс тэжээл хурдан шуурхай ирж цаг алдалгүй үйлчилж байгаа зэрэг шууд болон шууд бус байдлаар ашиг тус нь иргэдэд хүрч байгаа нь зам дагаж хөгжил ирсний тод жишээ юм хэмээн Нөмрөг сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ