Халимаг үүлдрийн бухаар үүлдэр угсаагаа сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-19 12:18:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Жаргалтхаан сум халимаг үүлдрийн бухаар үхэр сүргийнхээ үйлдвэр угсааг сайжруулах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн жил Баг сумдын холбоотой хамтран халимаг үүлдрийн 5 бух гэрээгээр авчирч 5 өрхийн үхэр сүрэгт тавьсан байна. Ингэснээр үүлдэр угсаа нь сайжрахаас гадна махны чиглэлийн үхэртэй болохоор зорьжээ.

Өнгөрсөн оны 5-р сард халимаг үүлдрийн 5 бухаар 150 үнээ хээлтүүлж энэ хавар анхны төлүүдээ хүлээн авч, одоогийн байдлаар 70% нь төллөж, төл бүрэн бойжиж байна. Энэ үүлдрийн үхэр лагс чамбай, дунд зэргийн биетэй, хөлийн тавилт зөв, махлаг богино хүзүүтэй, өргөн зузаан сэрвээтэй нуруу зоо өргөн тэгш, хондлой яльгүй өндөр, их биеийн хойд хэсгийн булчин мах сайн хөгжсөн, яс нь хөнгөн бат бэх байдаг аж. Иймээс сумын зүгээс бодлогоор дэмжин дахин өөр малчин өрхийн үхэр сүрэгт тавихаар төлөвлөж байна.

Халимаг үүлдрийн үхэр Монголын цаг агаарт тун тэсвэртэй чийрэг, өвлийн хахир цагийг сайн даван туулж, нэмэлт тэжээл арчилгаа шаарддаггүй бөгөөд бусад үхэр сүрэгтэй хамт бэлчээрт идээшилдэг байна. Мөн нутгийн үхрээс амьдын жин нь нэг дахин их учир малчид олон үхэр өсгөж бэлчээрээ талхлах биш цөөн тооны чанартай малтай байхыг чухалчилж байна. Халимаг бухны амьдын жин 700-900 кг, тугал 20-26 кг төрдөг, зургаан сартайдаа 160-200 кг, 16-18 сартайдаа 350-450 кг жин татдаг ажээ. 

Холбоотой мэдээ