Бразил халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт бичигдэж эхэллээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-20 09:28:40

БРАЗИЛИА. /France24/. Бразилд коронавирусний халдвар авсан хүний тоо 254220 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Ингэснээр Бразил халдварын тохиолдлын тоогоор Их Британийн өмнө буюу дэлхийд гуравдугаарт бичигдэж эхэлсэн байна.


Бразилд халдварын улмаас 16792 хүн нас барсан нь дэлхийн улс орнуудаас зургадугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, иргэдийг шинжилгээнд хангалтгүй хамруулж байгаа тул бодит үзүүлэлтүүд 15 дахин юм уу түүнээс ч өндөр байж болзошгүй ажээ.


210 сая хүн амтай Бразилын эрх баригчид халдварын эсрэг ямар хариу арга хэмжээ үзүүлэх талаар зөрчилдөж байгаа юм. Хэт барууны үзлийг баримтлагч Ерөнхийлөгч Жаир Болсонару вирусийг “хөнгөн ханиадтай” зүйрлэж, халдвартай холбоотой “хийрхлийг" зэмлэн буруушааж, эдийн засгийн уналтад орохоос сэргийлэхийн тулд ажилдаа явахыг иргэддээ уриалж байгаа ажээ.


Харин муж, орон нутгийн эрх баригчид гэртээ байж, зайнаас харилцахыг оршин суугчдадаа уриалж байгаа бөгөөд уг уриалгыг Дээд шүүх дэмжиж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд Нельсон Тейч албан тушаалаасаа огцорчээ. Цар тахал дэгдсэнээс хойш энэ салбарын хоёр дахь сайд огцорч буй нь энэ юм.


Генерал Эдуардо Пазуэлло Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа боловч Ж.Болсонару түүнийг уг албан тушаалд ойрын хугацаанд томилох төлөвгүй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Бразилын зарим бүс нутагт эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч болзошгүй байгаа бөгөөд халдвар хамгийн их тархсан хотуудад нас барсан хүмүүсийг бөөнөөр нь оршуулж эхэлжээ. 

Холбоотой мэдээ