УБТЗ бүтээн байгуулалтаар "ТОП-100"-д байраа ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-20 20:36:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ өнгөрсөн онд 28.1 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өөрийн хүчин чадлаас давсан түүхэн дээд амжилт байв. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2019 онд 1454 хүрсэн нь өмнөх оныхоос бараг 50 шахам хувиар өссөн. 

Энэ бүх үзүүлэлтээр тус нийгэмлэг Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг манай улсын ТОП-100 ААН-ийн 8-д эрэмбэлэгдээд байна. 

Төмөр замын тээврийн үзүүлэлт өссөнөөс гадна УБТЗ-ын Монгол Улсын  томоохон бүтээн байгуулалтад оролцох оролцоо нэмэгдэж, Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулав.


Түүнчлэн өнгөрсөн оноос Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавих бүтээн байгуулалтыг гүйцэтгэж эхлээд байна.

Өнгөрсөн онд тэмдэглэсэн түүхт 70 жилийн ойн жил "УБТЗ" ХНН-ийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг ийнхүү үнэлж 2019 оны шилдэг ТОП-100 ААН-д шалгараад байна. "УБТЗ" ХНН нь 2017 онд 14 дүгээрт, 2018 онд 10 дугаар байрт шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулж 8-р байрт жагслаа.


Холбоотой мэдээ