“Taiwan Box” 30 гаруй улсын эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-21 16:07:56

ТАЙБЭЙ. /CNA/. Тайванийн “Хуалиэн Мэннуо” эмнэлгийн эмч Лай Шиэнюнь халдварт өвчнөөс сэргийлэх гуурс хатгадаг тунгалаг нийлэг хавтан хайрцаг зохион бүтээжээ. Уг хайрцаг нь өвчтөний толгой хэсгийг бүрхэх ба ингэснээр эмч нар эмчилгээний явцад халдвар авах эрсдэлийг бууруулдаг байна.


Лай эмч энэхүү хайрцгийнхаа зураг төслийг интернэтэд үнэгүй татаж авахуйцаар байрлуулсан ба хоёр сар хүрэхгүй хугацаанд 30 гаруй орон татан авч боловсруулан хэрэглэжээ. Үүнээс гадна, АНУ-ын Бостон хотын Анагаах ухааны төв тус хайрцгийг үр дүнтэй болохыг баталгаажуулж, тусгай өгүүлэл бэлтгэн, богино хэмжээний туршилтын бичлэгийн хамт "New England Journal of Medicine" сэтгүүлийн цахим хуудсанд саяхан нийтэлсэн байна.


Харьцуулсан туршилтын үеэр эмч хамгаалалтын хувцас өмссөн ч халдвараас сэргийлэх хайрцаг ашиглаагүй үед эмнэлгийн ажилтнуудын биеийн бүх хэсгээр өвчтөний амьсгал, шүлс хүрч наалдсан байсан төдийгүй эмнэлгийн шалан дээрээс хүртэл олджээ. Харин хамгаалах хайрцгийг ашигласан үед өвчтөний амьсгал, шүлс нь хайрцгийн дотор хана, эмчийн бээлий болон хамгаалалтын хувцасны гарын хэсгээр наалдаж, бусад нь “цэвэрхэн үлдсэн” байв.


Олон улсын алдартай анагаах ухааны сэтгүүл болон эрүүл мэндийн байгууллагууд Тайванийн энэхүү нээлтийг эмнэлгийн ажилтнууддаа ашиглахыг санал болгосон байна. Бостоны Анагаах ухааны төвөөс "New England Journal of Medicine" сэтгүүлд нийтэлсэн халдварт өвчнөөс сэргийлэх гуурс хатгадаг хайрцгийн туршилтын богино бичлэгийг www.nejm.org/doi/full/10.1056/NEJMc2007589 холбоосоор орж  үзэж болно.

Холбоотой мэдээ