Төрийн өмчит компаниудын хувьцааг дотооддоо арилжих санал тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-21 16:39:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргах шаардлагатай гэж зарим эдийн засагч үзэж байна. 

Ганц "ЭТТ" ХК гэлтгүй, төрийн өмчит бусад томоохон компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржид арилжnх хэрэгтэй гэсэн саналыг тавьж байна. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга, эдийн засагч Б.Өлзийбаяр хэлэхдээ, "Ногдол ашгийн өгөөжөөр бодоход "ЭТТ" ХК маш сайн ажиллаж байгаа. Ийм сайн ажиллаж буй компанийн хувьцааг дотоодын зах зээл дээр урт хугацаанд хадгалах учиртай. 

Тус компанийн хувьцааг дотооддоо арилжnж эхэлбэл худалдахаас гадна авна. Ийм байдлаар зах зээлээ хөгжүүлж, хувьцааны талаарх ойлголт, мэргэжлийн зөвлөгөөг иргэдэд өгөх зэргээр бэлтгэл ажлыг хангах ёстой" гэв.

Дотоодын компани, ААН-үүд хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа гаргах замаар манай улсад үнэт цаасны зах зээл сүүлийн 3 жилд харьцангуй сэргэж ирсэн.

Гэвч "Covid-19"-тэй холбоотойгоор суларч, энэ салбарын үзүүлэлт 3 дахин буураад байна. ААН, иргэдэд бэлэн мөнгөний шаардлага их гарч байна. Ийм нөхцөлд "ЭТТ" ХК-ийн хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргавал санхүүгийн зах зээлд мөнгөний урсгал нэмэгдэж, эдийн засгаа дэмжих чухал алхам болно. Учир нь "ЭТТ" ХК-ийн хувьцааг үндэсний компаниуд авах хүсэлтээ хэдийнэ илэрхийлээд байна. Тиймээс аль аль талд хувьцааг худалдаж авах боломжийг нээж өгөх хэрэгтэй гэж тайлбарлаж байна. 

Монголын Хөрөнгийн биржийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Энхзул хэлэхдээ, "Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах компаниудын хувьцааг арилжих хүсэлт мэргэжлийн байгууллагад их байна. Энэ нь "ЭТТ" ХК-ийнх ч байж болно. Мөн төрийн өмчит бусад томоохон компаниудын хувьцааг Хөрөнгийн биржээр арилжвал гадаадын хөрөнгө оруулагчид сонирхоод Монголын зах зээл дээр орж ирнэ" гэв. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн "ЭТТ" ХК-ийн хувьцааг сонирхоод зогсохгүй, бусад ашигтай ажиллаж буй ААН-үүдийн хувьцааг харна. 

Манай улсад санхүүгийн салбарын 95 хувийг арилжааны банкууд эзэлсэн хэвээр байна. Ийм нөхцөлд хөрөнгийн зах зээлийг дотооддоо хөгжүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ нөхцөлд эдийн засаг, санхүү тогтворжино гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. 


Холбоотой мэдээ