Ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр сувилуулж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-21 21:55:17

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 100 гаруй ахмад настан хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг амралт сувиллын газруудад үйлчлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар 60 гаруй ахмад хөнгөлөлттэй үнээр сувилуулжээ. Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй байдаг байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын ямар ч газар ахмадууд сувилуулах боломжтой ажээ. Энэ жил Завхан аймагт Одчим, Түвшин Амаржаргалан ХХК-ийн Алтанбулаг амралт, Өв залгамжлагч, Улаан Хаалга дахь Чигэстэй Ундраа, ХХҮГ-ын дэргэдэх ахмадын Өвөржанчивлан зэрэг амралт сувиллын газар ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Дээрх амралт сувиллын газрууд нь ахмадуудад ихэвчлэн шавар, бариа, зүү төөнүүрийн эмчилгээг сэтгэл засал чийрэгжүүлэлттэй хослуулан хийдэг. Мөн зарим газар рашаан усанд оруулах, бумба тавих, сүү цагаан идээгээр эмчилдэг. Ер нь тухайн ахмад настан маань ямар зовуурьтай, ямар үйлчилгээг хүсэж байгаатай нь холбогдуулаад сувилж эмчилдэг тухай аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.

Ташрамд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 680 гаруй ахмад хөнгөлөлттэй үнээр сувилуулсан байна. 


Ахмадууд эрхээ авсан ямар ч сувилалд амарч сувилуулах эрхтэй

Ахмадууд бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл улсын хэмжээнд эрх авсан, амралт сувиллын газарт амарч сувилуулах эрхтэй.

Хуулийн дагуу ахмад настанд зориулсан амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар журамласан байдаг. Журамд заасны дагуу ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулж, шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Ер нь Монгол Улсын Их хурлын тогтоолоор 2017 оноос эхлэн ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор хуульчилсан байдаг. Тиймээс манай ахмадууд Ахмад настны тухай хуулийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан амралт, сувилалд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй эрхийн бичгийн дагуу хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах эрхтэй аж.


Ахмадуудад нэг хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлт олгодог

Ахмад настныг ая тухтай амарч сувилуулах боломжийг бүрдүүлэх. Үйлчилгээний чанар стандартыг хангах зорилгоор амралт, сувиллын байгууллагуудтай байгуулсан гэрээнд ахмад настанд нэг хоногийн 30 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулдаг.

Ингэхээр ахмад настан зөрүү 10 мянган төгрөгийг өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд гэрээ байгуулсан амралт, сувиллын газарт 10 хоног амарч сувилуулахад 300 мянган төгрөг төлөх ёстой ч 100 мянган төгрөгийг өөрөө хариуцаж, нийгмийн халамжийн сангаас 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тухайн үйлчилгээ үзүүлсэн амралт, сувиллын байгууллагад нь олгож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ахмад настан нь тухайн газар 10 хүртэлх хоног амарч сувилуулах эрхтэй. Үүний дагуу нийгмийн халамжийн сангаас нэг хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж байна гэсэн үг юм. Нэмж дуулгахад зарим нэгэн амралт сувиллын газруудын хоногийн тарифт өөрчлөлт оржээ. Тэгэхээр бас журамд өөрчлөлт орсон байгаа байх. Ахмадууд хөнгөлөлттэй үнээр сувилуулах бол дараах бичиг баримтыг заавал бүрдүүлдэг. Тухайлбал иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, ахмад настан амралт, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн өөрийн хариуцах хэсгийг бэлэн мөнгөөр төлөх, эсхүл тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн баримт, хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхийн бичиг, багийн Засаг даргын тодорхойлолт, эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт, тэтгэврийн дэвтэр, хуулбарын хамт Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэнд баримт бичгээ өгнө хэмээн ХХҮГ-аас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ