ХБНГУ-аас амьсгалын зөөврийн аппарат нийлүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-21 17:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам коронавируст халдварын үед авах хариу арга хэмжээ, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах талаарх ажлын явцын талаар өнөөдөр хэлэлцлээ.


Тус яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од 106 мянган PCR оношлуурын нөөц бүрдүүлж байгаа, 44 мянган оношлуур нэмж авна хэмээн танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад улсад суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт илгээсэн талаар Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Б.Янжмаа мэдээлж,  ХБНГУ-д эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд Д.Ганбат амьсгалын зөөврийн 20 ширхэг аппарат удахгүй нийлүүлэх болсныг хэллээ.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа коронавируст халдварын үеийн эм, тарианы нөөцийн талаар эмчилгээнд бусад улс оронд хэрэглэж буй  эм тариа ашиглаж байгааг дурдав.  Цаашид вирусний эсрэг эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд Хятад, Япон, Орос, Пакистан, Энэтхэг зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, богино хугацаанд үр дүнтэй  эмчлэх эм тарианы нөөц бүрдүүлж байгааг танилцууллаа.

Түүнчлэн тус яамнаас БНХАУ-ын COVID-19” халдварын эмчилгээний талаар туршлага судлах онлайн сургалт явуулж байгаа аж.  



Холбоотой мэдээ