ЭМДС-гаас олгох хөнгөлөлттэй эмийн асуудлаар албан шаардлага хүргүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-21 21:08:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Эрүүл мэндийн даатгалын сан болон сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 01/122 тоот хамтарсан удирдамжийн хүрээнд Өлгий сумын өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангуудад шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад өрхийн эрүүл мэндийн төвүүд тоног төхөөрөмжийн хангалт 40 орчим хувьтай боловч бүтэн санхүүжилт авдаг, өвчтөнүүдэд хөнгөлөлттэй эмийн жорыг хугацаанд нь олгодоггүй, өвчтөний хяналтын карт хөтөлдөггүй, эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгосон иргэнд и-баримт өгдөггүй, иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн тоо тодорхой бус зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд өнөөдөр Өлгий сумын Шипагер, Жансая, Мейрим, Раушан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалтын дүнг танилцуулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй цогц байдлаар үзүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн санхүүжилтийг хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнтэй уялдуулан нэхэмжлэх, даатгуулагчийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг иргэдэд сурталчлах талаар 12 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ.

Албан шаардлагын дагуу өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангууд ирэх сарын 15-ны өдрийг хүртэл дээр дурдсан зөрчил, дутагдлуудыг арилгах ба аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дахин шалгалт хийх ажээ.

Холбоотой мэдээ