Осака болон ойролцоох мужуудын онцгой байдлын дэглэмийг цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-05-22 09:41:01

ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Осака, Киото, Хиого мужид коронавирусний тархалт саарсантай холбогдуулан онцгой байдлын дэглэмийг цуцлах шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо пүрэв гарагт гаргажээ.


Токио хотын бүс болон хойд нутгийн Хоккайдо мужид онцгой байдал тогтоосон хэвээр байх хэдий ч мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр даваа гаргаас цуцалж магадгүй гэж Абэ Шинзо мэдэгдсэн байна.


Японы 47 мужаас 42-т нь тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалж буй нь энэ юм. Японы эдийн засагт коронавирусний халдвар ихээхэн нөлөөлж байгаа бөгөөд үлдсэн таван муж болох Токио, Чиба, Канагава, Сайтама, Хоккайдод дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг бүрдүүлдэг ажээ.


“Онцгой байдлын дэглэмийг цуцалсан бүс нутгуудад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээх боломжтой. Бид амьдралын шинэ хэв маягийг бий болгох сорилттой тулгарч байна” гэж Ерөнхий сайд мэдэгджээ.


Токио, Хоккайдод халдварын тохиолдлын тоо буурч, эмнэлгийн ачаалал багасаж байгааг Абэ Шинзо онцголсон боловч шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байж, муж хооронд зорчихгүй байхыг оршин суугчдадаа уриалсан байна.


Засгийн газрын мэргэжилтнүүдийн ажлын хэсэг онцгой байдлыг цуцлахдаа нэгэн шалгуурыг баримталж буй нь өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүнд ногдох шинэ тохиолдлын тоо 0.5-аас буурах бөгөөд Осака, Киото, Хиого уг шалгуурыг хангажээ.


Японд халдварын 17100 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс халдвар хамгийн их тархсан Токиод 5100 гаруй тохиолдол илэрчээ. Уг тоон үзүүлэлтэд өнгөрсөн хоёрдугаар сард Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 гаруй зорчигчийг оруулсан байна. 


Абэ Шинзо Токио, Осака зэрэг долоон мужид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд онцгой байдал зарлаж, 16-наас бүх 47 мужид тавдугаар сарын 6 хүртэл онцгой байдал тогтоосон юм. Засгийн газар энэхүү арга хэмжээний хэрэгжих хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан боловч өнгөрсөн долоо хоногт 39 мужийг халдварын тархалтыг хяналтад авсан хэмээн үзэж, онцгой байдлыг цуцалсан билээ. 

Холбоотой мэдээ