Газраа орон сууцаар сольсон 79 өрх шинэ байранд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-22 11:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Газар дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 79 өрх айл нэгдэн газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх шинэ байрны түлхүүрээ гардан авав.

Тэдэнд байрны түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НОСК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гардуулж өгөв. Энэ үеэр иргэн О.Цагааны сэтгэгдлийг сонслоо. 


-Та хашаандаа гэрт байв уу, байшинд байв уу?

-Манайх Цайз захын ойролцоо "Цайз"-ын 8-р гудамжны 92-д байсан. Хашаандаа 48 болон 50 ам дөрвөлжин метр, тоосгон 2 байшинтай, 3 өрхөөрөө ам бүл 12-уулаа амьдарч байсан. Одоо манайх гэхэд орон сууцны 3 өрөө байранд орж байна. Хүүгийнх удахгүй орох байх. 


-Хашаа байшингаа орон сууцаар солиход ямар бэрхшээл гарч байв. Шинэ байранд ороод сэтгэгдэл ямар байна?

-Сайхан байна. Орон сууцанд ороход бэрхшээл гараагүй. Бид эхлээд газраа үнэлгээний компаниар үнэлүүлсэн. Үнэлгээг болно гээд зөвшөөрсөн. Иргэн хүн өөрөө санаа сэтгэлд нийцэж байвал зөвшөөрөх учиртай. Нэг хэсэг ч гэсэн иргэд тохь тухтай амьдрах байртай болж байна. Үүний цаана тэр хэмжээгээр хотын утааг бууруулж байна гэж бодож байна. Миний хувьд олон жил төр, засаг улсдаа хөдөлмөрлөсний үр шимийг хүртэж байна. Үүндээ баяртай байна гэв. 


НОСК-иас Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлүүлжээ. Ингэхдээ инженерийн дэд бүтцээр хангах боломжтой, гэр хорооллын бүсийн 24 байршилд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газар эзэмшиж буй иргэд өөрсдийн 100 хувийн хүсэл сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг нь орон сууцаар сольж байгаа юм билээ. 


Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9,10-р хороонд нийтдээ 6.4 га газарт 125 нэгж талбар буюу хашааны 440 иргэн газраа орон сууцаар сольж шинэ байранд оржээ. Энэ нь 250 орчим янданг буулгаж нийслэлийн утааг бодитоор багасгахад хувь нэмрээ оруулсныг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцоллоо. 


Өнөөдрийн хувьд Баянзүрх дүүрэгт "Цайз" захын орчим 79 өрх айл 4.3 га газраа чөлөөлж байна. Ингэснээр 270 гаруй иргэн орон сууцанд хамрагдаж, 150 орчим янданг буулгаж байна. 

Б.Болд


Холбоотой мэдээ