Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 20:15:02

ЛОНДОН. /BBC/. Японы теннисчин Наоми Осака Америкийн тамирчин Серена Уильямс, ОХУ-ын тамирчин Мария Шарапова нарыг ардаа орхиж, хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ.


Их Дуулгын цуврал тэмцээний хоёр удаагийн ялагч, өдгөө 22 настай Осака сүүлийн 12 сарын хугацаанд шагналын мөнгөнөөс болон зар сурталчилгаанаас 37.4 сая ам.долларын орлого олжээ.


Түүний орлого 38 настай, мэргэжлийн теннисийн спортын домогт тамирчин Серена Уильямсын орлогоос 1.15 сая ам.доллароор илүү аж.


Тийнхүү Наоми Осака 2015 онд жилийн дотор 30 сая ам.доллароос багагүйг олж байсан Мария Шараповагийн дээд амжилтыг анх удаа эвджээ.


Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргаад 30 жил болсон бөгөөд энэхүү жагсаалтыг теннисчид тэргүүлсэн хэвээр байна. Тус сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтад Наоми Осака 29 дүгээрт жагсаж байгаа аж. 

Холбоотой мэдээ