Сураггүй болсон Монгол эмэгтэйг АНУ даяар хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭАНУ-ын “Аbc 7” агентлагийн мэдээгээр 35 настай монгол эмэгтэй сураггүй алга болоод сар гаруй хугацаа өнгөрсөн тухай цацагдсанаас хойш дэлхийн олон нийтийн сүлжээгээр илүү тархаж байна.
АНУ-ын Иллинойс муж улсын Дес Плэйнс хотод ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг гэх монгол эмэгтэй 3 долоо хоногийн өмнөөс сураггүй алга болжээ. Г.Зулцэцэг нь дөрөвдүгээр сарын 11-ний өглөөний 10.00 цагийн орчимд өрөөнийхөө хамтрагчтай уулзсанаас хойш сураггүй болсон байна. Тэр өдрийнхөө үдэд найзтайгаа уулзахаар товлосон ч ирээгүй аж. Цагдаагийн үзлэг шалгалтаар Г.Зулцэцэг болзсон цагаасаа өмнөхөн бэлэн мөнгөний машинаас мөнгө авчээ. Цагдаа нар АНУ-д түүнийг мэдэх 4 хүнийг олсон ч сургийг нь гаргаж чадсангүй. Түүнийг одоо АНУ-ын хэмжээнд зар тараан эрэн хайж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард оюутны визээр сувилагчдын хуралд оролцохоор АНУ-д очиж, тэр үеэс хойш Ривервүүдс дэх Солонгос хоолны газар болон Гленвьев дэх "Суши" зоогийн газарт тус тус ажиллаж байжээ. Уг ажлынхаа газруудад ч очоогүй нь үзлэг шалгалтаар илэрсэн. Манай улсын ГХЯ-ны Консулын газар АНУ-ын холбогдох байгууллагатай холбоо тогтоон уг хэрэгт анхаарлаа хандуулж байгаа гэдгийг мэдэгдлээ.
Ж.Батсайхан
Улаанбаатар