БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2020-05-25 14:06:14
@ShoovdorBatbold

Хятадын Шанхай хотын Бунд буюу Вайтань хэмээх газар дахь

Лужиазуй санхүүгийн дүүргийн тэнгэр баганадсан өндөр барилгуудыг жуулчид харж буй нь.

2020 оны 1 дүгээр сарын 20-нд авсан зураг. (Синьхуа / Ван Сян)


БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс жил бүр эдийн засгаа тодорхой хувиар өсгөх зорилт дэвшүүлдэг ч 2020 онд ийм зорилт дэвшүүлэхгүй байхаар шийджээ. Энэ нь дотоодод болон дэлхий дахинд тулгараад буй ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхийн төлөөх хариуцлагатай бөгөөд алсыг харсан шийдвэр юм.

Баасан гарагт Хятадын Засгийн газраас хууль тогтоох дээд байгууллагадаа танилцуулсан үйл ажиллагааны тайлан илтгэлээс үзвэл, тус улс шинэ коронавирусний тархалтаас үүдэлтэй тодорхойгүй байдал болон бэрхшээлүүд, дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор “амьдралд илүү ойрхон байх” зарчмыг баримтлан бодлого шийдвэрүүдээ гаргаж байна. 

Шинэ коронавирусний цар тахал нь энэ оны нэгдүгээр улиралд Хятадын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.8 хувиар буурчээ.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих бодлогуудын үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт эргээд сэргэх нь гарцаагүй боловч тус улс дэлхий нийтэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, эрсдэл болоод тодорхойгүй байдлыг харгалзан үзэж байна. 

Гэхдээ Хятадын Засгийн газар илүү уян хатан бөгөөд хэрэгжих боломжтой буюу тогтвортой хөгжлийн зарчмуудад суурилсан зорилтуудыг энэ онд дэвшүүлээд байгаа юм. 

Хөдөлмөр эрхлэлтийг хөхиүлэн дэмжих, зах зээлд бүх хүчин чадлаараа тоглох боломжийг аж ахуй эрхлэгчдэд олгох, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахыг Хятадын Засгийн газрын тайлан илтгэлд чухалчилсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгаж, ажлын байрыг энэ онд 9 сая гаруйгаар нэмэгдүүлнэ гэж уг илтгэлд дурдсан нь “ард түмэн нэгдүгээрт” хэмээх зарчмаа онцолж буйн илрэл юм. 



Ченду-Гуйян чиглэлийн төмөр замыг туршиж үзэх үеэр

Хятадын Гуйжоу мужийн Ячи мөрний дүүжин гүүрэн дээгүүр галт тэрэг явж буй нь.

2019 оны 12 дугаар сарын 2-нд авсан зураг. (Синьхуа / Лю Сюй)


2020 он нь Хятад улсын хувьд онцгой жил билээ. Учир нь тус улс үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах, бүх талаараа цэцэглэн хөгжсөн,  чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох зорилтынхоо сүүлийн шатанд явна.  Өөрөөр хэлбэл, тус улсын Засгийн газар ард иргэдээ орон сууцаар хангах, эмнэлгийн болон бусад төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилтоо биелүүлэхээр зүтгэж байна. 

Харин эдийн засгаа яг төд өдөн хувиар өсгөнө гэж тодорхой зорилт дэвшүүлээгүй нь Хятад улс эдийн засгаа тогтвортой өсөлтөд хүргэх шийдэмгий байдлаасаа хүнд хэцүү үе тулгарахаар ухарсан гэсэн үг биш юм.

Өмнөө тавьсан зорилтууддаа хүрэхийн тулд Хятад улс шинэчлэл, нээлттэй байдлын бодлогоо тууштай баримталж байх учиртай.

Хятадын Засгийн газраас танилцуулсан шинэ тайлан илтгэл нь тус улс илүү бодитой, уян хатан, алсын хараатай, бүх хүмүүст үр өгөөжтэй, шинэлэг бөгөөд нээлттэй, ногоон хөгжилд хүрэхийг эрмэлзэж буйг харуулж байна.

Хятадын эдийн засгийн төлөв байдал өнөөдөр ч “гэрэлтсэн” хэвээр байна.

Олон улсын валютын сангийн “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” тайланд дурдсанчлан, энэ онд Хятадын ДНБ-ий өсөлтийн түвшин нь мэдэгдэхүйц буурах ч тус улсын эдийн засаг өсөлттэй гарч, 2021 оноос эрчимтэй сэргэх төлөвтэй байна. Тодорхой зорилт дэвшүүлэхгүй байх нь ч  нэг талаараа“оновчтой зорилт” байж болох юм. 


Холбоотой мэдээ