Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-25 13:13:29

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол коронавирусний халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж буйгаа "ВКонтакте" сүлжээн дэх хуудсаараа дамжуулан дүрс бичлэгээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.


Тувагийн тэргүүний хэлснээр, түүнээс гадна өөр хэд хэдэн албан тушаалтан эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. “Бид өвчилж магадгүй гэдгийг мэдэж байсан хэдий ч хэн нэг нь ажиллах ёстой, үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эмнэлэгт одоо надаас гадна, Тагны, Үлэгхэм хошууны дарга нар, манай ажилтнууд эмчлүүлж байна. Халдвар маш аймшигтай, эрүүл мэндэд олон талаар нөлөөлдөг,  толгой маш их өвдөж байгаа бол заримынх нь уушги үрэвссэн. Зарим нь хөнгөн хэлбэрээр өвчилж, зарим нь эрчим эмчилгээний тасагт хэвтэж байна. Гэхдээ эмч нар мундаг байна, бид энд сайн байгаа, эмч нар хичээж байна. Бид энэ сорилтыг даван гарна, бүх зүйл сайхан болно " гэж Кара-оол хэлсэн  байна.


Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Долаана Салчакийн мэдээлснээр, тэрбээр эмч нарын хяналтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Тувагийн тэргүүний үүргийг тус улсын тэргүүн шадар сайд Александр Брокерт түр орлон гүйцэтгэхээр болжээ.


Чеченийн тэргүүн Рамзан Кадырав мөн эмнэлэгт хүргэгдсэн тухай РИА Новости агентлагийн эх сурвалж урьд нь мэдээлсэн юм. Кадырав коронавирусний халдвар авсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан боловч тус улсын шуурхай штабын дарга Магомед Даудов энэ мэдээллийг няцаасан байна.


Тува улсын тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, коронавирус маш халдвартай гэдгийг цохон тэмдэглээд өөрсдийгөө хамгаалахын тулд өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахин мөрдөж, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн байна.


Даваа гаргийн өглөөний байдлаар, Тувад коронавирусний халдварын 706 тохиолдол бүртгэгдэж, 83 хүн эдгэрсэн бол нэг эмэгтэй нас баржээ. 

Холбоотой мэдээ