Сонгуулиар мөрдөх түр журмын төсөл боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-25 17:11:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх түр журмын төслийг хэлэлцсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв. 


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгууль явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран УОК-оос ажлын баг томилж, түр журмын төслийг боловсруулжээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус журмыг найман зүйл 50 заалттайгаар боловсруулсан байна. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм,  хугацаа зэрэг зүйлсийг тусгажээ. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзжээ. 


Мөн сонгуулийн үеэр болзошгүй халдвараас хамгаалахад шаардах зардал, БХЯ-ны Цэргийн төв эмнэлэгт шаардлагатай хөрөнгийн асуудлыг хэлэлцэн зарим шийдвэрийг гаргажээ.


Найм дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх "маш өндөр эрсдэлтэй" улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ