"Монгол орны гуурсгүй ургамлын улаан данс" хэвлэгдлээ

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-05-25 14:21:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүс нутгийн Улаан дансны удаах цуврал "Монгол орны гуурсгүй ургамлын улаан данс" болон "Монгол орны гуурсгүй ургамлын (хөвд, замаг, хаг, мөөг) улаан дансны үнэлгээ, хамгаалал"  хэвлэлтээс гарлаа.

Өдгөө манай орон 7702 олон янз зүйл ургамалтай. Тэдгээрийн 65 орчим хувийг буюу 4511 зүйлийг гуурсгүй гэх доод ургамал бүрдүүлдэг онцлогтой. Үүнд 580 зүйл хөвд, 2234 зүйл замаг, 1067 зүйл хаг болон мөн 630 зүйл дээд мөөг хамаарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн дор урт хугацааны байнгын давтамжтай мод огтлол, мал бэлчээрлэлт, гал түймэр, ган гачиг, газрын доройтол, аялал жуулчлалын замбараагүй үйл ажиллагааны нөлөөнд энэхүү төрөл зүйлүүд чимээгүй устах аюулд өртөж байна.

Доод ургамлыг хамгаалахаар авах арга хэмжээнд сэргээн нутагшуулах, шилжүүлэн үржүүлж хамгаалах гэсэн зүйлд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн хугацаа хөрөнгө зарцуулах тул одооноос тэдгээрт авах хамгаалалтын менежментийг сайжруулахыг чухалчлах шаардлага тулгарч буйг мэргэжилтнүүд хэлж байна. Иймээс БОАЖЯ Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны зэрэглэл болон шалгуурын 10 түвшинг ашиглан ховордлын үнэлгээг оноож тогтоох ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагын судлаачтай хамтарч гүйцэтгэжээ. Үүний үр дүнд хамгаалах шаардлагатай зүйлүүдийн ховордлын зэрэглэл тогтоож “Устаж байгаа” (CR), болон “Устаж болзошгүй” (EN) зэрэглэлтэй зүйлийг “Нэн ховор”, харин “Эмзэг” (VU)  зэрэглэлд багтах зүйлийг “Ховор” гуурсгүй ургамлын жагсаалтад оруулжээ.

Ингэснээр ховордон устаж болзошгүй гуурсгүй ургамлын төрөл зүйлүүдийн улаан дансны үнэлгээ тогтоож, улмаар байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор, ховор ургамлын жагсаалт шинэчлэх үндэслэлийг боловсруулсан нь томоохон ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ