Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-26 09:25:02

ПОДГОРИЦА. /Reuters/. "Манай улс коронавирусний халдвараас ангижирсан Европын анхны орон боллоо" гэж Монтенегро улсын Ерөнхий сайд Душко Маркович даваа гарагт мэдэгджээ. Тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 69 хоногийн дараа ийнхүү зарласан байна.


Монтенегрод халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 315 хүн эдгэрч, есөн хүн нас баржээ. 620 мянга гаруй хүн амтай, аялал жуулчлалын орлогоос ихээхэн хамааралтай тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын эхэн үеэс хил, нисэх буудал, далайн боомтуудаа хааж, сургуулийн сургалтыг зогссож, олон нийтийн цуглааныг хоригложээ.


Эрх баригчид хязгаарлалтын эдгээр арга хэмжээг гуравдугаар сарын 30-наас аажмаар сулруулж эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногоос цэцэрлэг, кинотеатрыг нээж, Хорват, Албани, Словени, Герман, Грек зэрэг орноос жуулчдыг хүлээн авч эхлэхээр төлөвлөсөн байна. 


Ташрамд дурдахад, Монтенегрод халдварын тархалтыг хязгаарлахын тулд өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нэр, хаягийн жагсаалтыг олон нийтэд танилцуулж байсан нь хүний эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлд өртжээ. Мөн хязгаарлалт, эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг зөрчсөн олон зуун иргэнийг торгож, хариуцлага тооцжээ. 



Холбоотой мэдээ