“BARILGA EXPO-2020” үзэсгэлэн 5 өдөр үргэлжилнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-26 13:25:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “BARILGA EXPO-2020” олон улсын барилгын үзэсгэлэн “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор цахим хэлбэрээр болж байна. 

Өчигдөр нээгдсэн үзэсгэлэн өнөөдөр "Цемент бол барилгын талх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт БХБЯ, "МАК" ХХК болон "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага төлөөлөл оролцож, төр, засаг болон мэргэжлийн байгууллага, үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс хамтарсан зохицуулалт бүхий үйл ажиллагаа явуулж сүүлийн үед үнэ нэмэгдэж, нийлүүлэлт хомсдоод буй байдлыг хянан шийдвэрлэх талаар хэлэлцлээ. 

Цементийн үнэ 7 хоногийн дотор тонн нь 280-300 мянган төгрөг болж даруй 2 дахин нэмэгдсэн нь барилгын ажил ид эхэлж буй энэ цаг үед дэд бүтэц, бүтээн байгуулалтын компани, ААН-үүдэд хүндээр тусаж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр барилгачид, барилгын компаниудаас цементийн хомсдол, үнийн хөөрөгдлөөс болж үүсээд буй нөхцөл байдал, шийдэх зүйл, гарцын талаар цахимаар санал авав. 


“BARILGA EXPO 2020” олон улсын барилгын үзэсгэлэн энэ сарын 25-29-нд болж буй бөгөөд барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар "Барилга.МН" ажиллаж, БХБЯ, Барилгын Хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилгын мэргэжлийн холбоод, төрийн болон ТББ-ууд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “NCD” групп ажиллаж байна.


Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын танилцуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээ, орон сууцны мэдээллийг зураг, видео хэлбэрээр "Barilgaexpo.mn" цахим платформ дээр эрэмбэлсэн ангилалын дагуу байршуулж байна. Мөн үзэгчидтэй цахим сувгуудаар холбогдох боломжтой юм. Эдгээр өдрүүдэд мэргэжлийн студи ажиллаж, оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээ, вэбинар, сургалт, сурталчилгаа, Live - ыг мэргэжлийн хөтлөгч, хөтөлбөрийн дагуу шууд дамжуулан хүргэж байна. 



Холбоотой мэдээ