Дасгал хийсний дараа гаргадаг 7 түгээмэл алдаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 12:18:36

МОСКВА. /Inosmi/. Дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндээ хамгаалж, биеийн галбираа хадгалах үр дүнтэй бөгөөд сөрөг нөлөөгүй сайн арга мөн боловч олон хүмүүс спортоор хичээллэх явцдаа дараах хэд хэдэн алдааг байнга давтаж байдаг тухай Их Британид араб хэлээр гардаг “Rai Al Youm” гэдэг цахим сонинд бичжээ. Эдгээр алдаа нь дасгал сургуулилтын үр дүнг талаар болгодог байна. 


1.Биеийнхээ температурыг буулгах ёстой гэдгийг үл тоомсорлодог

Америкийн Маунт-Синай (Mount Sinai Hospital) эмнэлгийн Ортопеди ба яаралтай тусламжийн кафедрын доцент Мелисса Лебер зөвлөхдөө “Биеийн ачааллын үед таны биеийн хэм өсөж, судаснууд тэлдэг. Үүний дараа таны бие организм хэвийн байдалдаа эргэж орох ёстой. Хэрвээ шүршүүрт орохоосоо өмнө биеэ хөргөхгүй бол бага зэрэг толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ танд фитнессийн бугуйвч байгаа бол дасгалаа хийж дуусгахаас өмнө зүрхний цохилтоо 100 руу, эсвэл түүнээс доош буулгаарай” гэжээ.


2.Сунгалтын дасгал хийдэггүй

Дасгал хийж дууссангуутаа сунгалтын дасгал хийгээрэй, ингэснээр таны биеийн уян хатан байдал дээд хэмжээндээ хүртэл сайжирна. Биеийн ачаалал авснаар булчингууд халдаг учраас сунгалт хийснээр таны бие, үе мөчнүүдийн уян хатан байдал эрс сайжрах болно. 


3.Дасгал хийснээс хойш олон цагийн дараа хооллодог 

Дасгал сургуулилт хийснээс хойш 2 цагийн дотор юм идэх нь бие организмыг сэргээхэд чухал ач холбогдолтой. Хоол судлалын академийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Алисса Рамзи-гийн ярьснаар “нүүрсус нь булчинд шаардлагатай эрч хүчний нөөцийг сэлбэн дүүргэдэг бол уураг нь булчинг сэргээх, булчингийн өвдөлтийг намжаахад тустай” гэлээ. 


4.Дасгал хийж дуусангуутаа юм иддэг

Эхэн үедээ дасгал хөдөлгөөн нь өлсөх мэдрэмжийг дардаг боловч дараа нь өдрийн туршид өлсгөлөнгийн даавар нэмэгддэг. Хэрвээ та дасгал хийж дууссанаас хойших 1 цагийн дотор зууш идэхээр шийдсэн бол эцсийн дүндээ богино хугацаанд хоёр удаа юм иднэ гэсэн үг. Ингэснээр илчлэгийн хэмжээ нэмэгдэх ба дасгал хийсний үр дүн оргүй алга болно.


5.Дасгал хийж дуусангуутаа жимсний шүүс уудаг

Алисса Рамзи-гийн ярьснаар, илчлэг ихтэй, сахар агуулсан төрөл бүрийн жимсний шүүс бол “удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг” гэсэн үг. Ийм учраас дасгал хийснийхээ дараа уудаг сокны хэмжээг багасгах нь зүйтэй. 


6.Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг

Уургийн коктейль, аминдэмүүд гэх мэт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх нь дархлааны тогтолцоонд үзүүлэх ачааллыг нэмэгдүүлснээр дархлааг бэхжүүлэх бус харин эсрэгээр сулруулж болзошгүй. Тэгэхээр үүний оронд байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүнээс шаардлагатай уураг, аминдэмүүдийг авч байх нь зүйтэй. 


7.Их хэмжээгээр иддэг

Фитнесийн заалны төхөөрөмжин дээр дасгал хийсний дараа та эрч хүчээр дүүрэн болсноо мэдэрч, маш амттай хоол идмээр санагдах вий. Хэрвээ идэх хүсэлдээ бууж өгөх аваас зааланд зарцуулсан таны хүч хөдөлмөр талаар болно. Алисса Рамзи-гийн ярьснаар, 30 минутын хугацаанд дасгал сургуулилт хийхэд та ердөө 300-хан калори илчлэгийг шатаана, харин таны идсэн амтат хоол үүнээс хамаагүй их илчлэгтэй байж таарна.  

 

 

Холбоотой мэдээ