Латин Америк халдварын голомт болсныг мэдэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-05-27 15:13:36

ВАШИНГТОН. /CNN/. Латин Америкт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо Европ, АНУ-д илэрснийг давсан нь тус бүс нутаг халдварын голомт болсныг харууллаа гэж Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Карисса Этьен мэдэгджээ.


Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага Бразил дахь нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд тус улсад халдвар тархсанаас хойш өнгөрсөн долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.


Мөн К.Этьен Перу, Чилид халдварын тохиолдол нэмэгдэж буйг тэмдэглээд, Латин Америкт хязгаарлалтыг сулруулж, урьдчилан сэргийлэх стратегийг хумих цаг болоогүй гэдгийг анхааруулжээ. Чилид мягмар гаргийн байдлаар 77961 хүн халдвар авч, 806 хүн нас барсан байна. Мөн тус улсын Засгийн газрын хоёр гишүүнээс халдвар илэрчээ.


Бразилын хувьд халдварын тохиолдлын тоогоороо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ыг давж, АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж эхэлснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулсан юм. Бразилд сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 390 мянга давсан байна.


“Бид хүчтэй хийгээд сонор сэрэмжтэй байж, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах батлагдсан арга хэмжээнүүдийг шийдэмгий хэрэгжүүлэх цаг ирлээ. Бид бусад бүс нутгаас суралцсан. Бид ямар арга хэмжээ үр дүнтэй, ямар нь үр дүнгүй гэдгийг мэдсэн. Бид энэ мэдлэгээ ашиглах хэрэгтэй” гэж К.Этьен мэдэгджээ. 

Холбоотой мэдээ