Сумдын малын эмч нарт мотоцикл, тоног төхөөрөмж гардуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-28 16:30:12

Ховд /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оныг “Мал эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг дэмжих жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан  ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэл бэлэн байдлыг хангахад зориулан Ховд аймгийн бүх сумын мал эмнэлгийн тасгийг мотоцикл, бусад тоног төхөөрөмжөөр хангаж байна.

Тодруулбал, Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасагт мотоцикл, компьютер, ширээ сандал зэрэг тоног төхөөрөмж гардуулан өгөх үйл ажиллагааг  тавдугаар сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл болон холбогдох мэргэжилтэн, сумдын Мал эмнэлгийн тасаг, нэгжийн төлөөлөл оролцсон юм.  

Алслагдсан бүс нутгийн иргэдэд мал эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, малын эрүүл мэндийг хамгаалахад энэ удаагийн ажил чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцоллоо.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь 17  тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний 52 нэгжтэй. Тус байгууллагын хамт олон хөдөөгийн сум, багийн нутаг дэвсгэрээр зорчиж, малчны хотонд шуурхай хүрч үйлчлэхэд унаа техник хэрэгсэл чухал үүрэгтэй аж.  

Учир нь малын эмч нар хөдөөгийн бартаа саад бүхий замыг  туулж,  малчны хотонд сард  2-3 удаа хүрч үйлчилдэг.  

Тиймээс Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасгийн эмч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс техник хэрэгсэл, тоног төхөөрөмж олгох ажилд нийт улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү малын эмч нарыг унаажуулснаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд үр дүнгээ өгч, салбарын ажилд ахиц гарна. Мөн мэргэжлийн зүгээс малчиндаа хүрч үйлчлэх боломж өргөжиж байгаад баяртай байна хэмээн салбарынхан ярьж байв.

Өнгөрсөн 2018 онд сумдын мал эмнэлгийн тасгийг унаажуулах ажлыг мөн хийж байжээ. Энэ удаа сумдын мал эмнэлгийн тасгууд дахин шинэ унаатай болсон учир тэдний ашиглаж байсан хуучин мотоциклийг хувийн мал эмнэлгийн нэгжид гэрээгээр шилжүүлэн өгч ашиглахаар болжээ.   

Холбоотой мэдээ