Францад кафе, зоогийн газруудыг нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-29 11:14:47

ПАРИС. /France24/. Франц даяарх кафе, зоогийн газар, цэнгээний газрыг ирэх зургадугаар сарын 2-ноос тодорхой дүрмүүдийг мөрдөх шаардлагатайгаар нээж, зуны улирал болж буйтай холбогдуулан дотоодын аяллын хязгаарлалтуудыг цуцлахаар болжээ.


“Парис хотын хувьд коронавирусний халдвар тархах эрсдэл бусад бүс нутгийнхаас өндөр хэвээр байгаа тул үйлчилгээний газруудыг зөвхөн гадаах талбайдаа үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө” гэж Францын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдсэн байна.


Э.Филипп Францад тогтоосон хатуу хөл хориог аажмаар цуцлах хоёрдугаар үе шатын талаар танилцуулах үеэрээ, иргэд гэрээсээ 100 километр дотор зорчих дүрмийг цаашид мөрдөх шаардлагагүй гэж хэлжээ. 


Мөн музей, хөшөө дурсгалын газруудыг зургадугаар сарын 2-ноос нээх бөгөөд амны хаалт заавал зүүхийг шаардана. Амралтын газруудын хувьд зургадугаар сарын 22-ноос нээгдэж, дараагийн долоо хоногоос нь цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээнэ.


Театруудыг ирэх сарын 2-ноос нээх бол кинотеатруудыг 22-ноос нээгдэхийг зөвшөөрөх хэдий ч зайнаас харилцах дүрмийг баритлах шаардлагатай юм байна.


Сонор сэрэмжээ алдаж болохгүй

Францад 28500 гаруй хүнийг нас барахад хүргэсэн вирус олон нийтийн дунд хэсүүчилсэн хэвээр байгаа гэдгийг Э.Филипп тэмдэглээд, олон зуун хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг иш татжээ.


Мөн тэрбээр зайнаас харилцах дүрмийг бариталж, гараа тогтмол угаахыг ард иргэддээ уриалаад, олон нийтийн газар 10-аас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон хэвээр байх болно гэж мэдэгдсэн байна.


Францад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүхийг хэдийн шаардаж эхэлсэн юм.


Гадуур хооллох тухайд зоогийн газар, кафед 10-аас цөөн хүн уулзах боломжтой бөгөөд ширээ хоорондын зай хамгийн багадаа нэг метр байх шаардлагатай. Парис хотын хувьд зөвхөн гадаах талбайд үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө.


Үйлчлэгч, тогооч нар байнга амны хаалт зүүх ёстой бол үйлчлүүлэгчдийн хувьд орох, гарахдаа зүүх шаардлагатай юм байна. Мөн шөнийн цэнгээний газрууд нээгдэх хэдий ч халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй тул согтууруулах ундаа худалдаалахыг хориглох ажээ. 

Холбоотой мэдээ