Булган боомтоор 21 компанийн 49 жолооч тээвэрлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-29 13:32:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум дахь Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлт хийж эхэлсэн байна.

Тодруулбал, Булган боомтоор богино эргэлтийн тээвэр хийж байгаа гэнэ. Ингэхдээ Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайг ашиглаж байна. Энд жолооч нарын амрах 3 түр байр \кемп\ байгуулжээ.

Улмаар 21 компанийн 49 жолооч Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж байгаа бөгөөд тавдугаар сарын 28-ны байдлаар 8 машин хилийн боомтоор нэвтэрчээ. Харин өнөөдөр 28 машин хилийн боомтоор нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Ингэхдээ жолооч нар богино эргэлтийн тээвэр хийх замаар хоорондоо харилцаа үүсгэхгүй, солигдох зарчмаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэсэн автомашины жолооч Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайд ирнэ. Улмаар аймгийн МХГ-ын байцаагчийн хяналт дор ариутгал халдваргүйтгэл хийсний дараа өөр нэг жолооч тухайн автомашинаар хилийн боомтоор нэвтэрч байгаа гэнэ.  

Жолооч нарын аюулгүй байдлыг хангах хэрэгслийг тухайн компани, аж ахуйн нэгжүүд хариуцан ажиллаж байгаа. Харин ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцан зохион байгуулж байгаа гэж албаны эх сурвалж онцоллоо.


Холбоотой мэдээ