Худалдаачид цементийн үнийг хөөрөгдөж байгаа нь тогтоогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-29 16:44:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цементийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлт татарсантай холбоотойтоор ШӨХТГ-ын "Хэрэглэгчийн утас-115" дугаарын утсанд олон санал гомдол ирсний дагуу тус газраас цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хянаж шалгажээ. 


Шалгалтаар цементийн үнэ өсөх, хомсдоход хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн нь тогтоогдов. Үүнд:

  • Дэлхий нийтээр тархаад буй "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн манай улс болон импортлогч БНХАУ-д онцгой байдалд шилжиж хил хорио, хязгаарлалтаас болж цементийн үйлдвэрлэл аль аль талд өмнөх жилүүдээс оройтож эхэлсэн, 
  • Дотоодын "Монцемент" болон "МАК" компаниуд 5 дугаар сарын 11-14-ны хооронд 3 өдрийн цахилгааны хязгаарлалтад орж үйлдвэрлэл саатсан, 
  • мөн дээрх үйлдвэрүүдийн эргэх зуух, дулаан солилцуулагч зэрэг чухал дамжлагдуудад саатал гарч, технологийн горим алдагдаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдаж жигдэрээгүй, 
  • Үйлдвэрлэгчид цементийн үнэ, нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар тухайн бүр мэдээлж байгаа боловч бүтээгдэхүүний үнээ өөрчлөөгүй хэвээр байна,
  • Эцэст нь дээрх байдлыг далимдуулан жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс бөөний үнээр худалдан авч цааш борлуулахдаа үнийг хөөрөгдөж байгаа нь тогтоогджээ. 


ШӨХТГ цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл явцад хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, худалдааны шат дамжлагыг багасгах зэрэг арга хэмжээ авч ажиллах талаар санал, зөвлөмж гаргсан БХБЯ болон Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд хүргүүлжээ.


Өөр, бусад хүчин зүйлийн шалтгааны талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ, "COVID-19-тэй холбоотойгоор УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу цементийн үйлдвэрүүд ажиллах хүчээ хэсэгчилсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна. Мөн гадаадын ажиллах хүч хөл хорионд орсон. 

Тухайлбал, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлээ огт эхлээгүй байна" гэсэн юм. Өдөрт 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай нэг үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход л хомсдол үүсэх, зах зээл дээр үнэ нэмэгдэхэд ихээр нөлөөлсөн гэж үзэж байна.


Мөн манай улсад цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо бүрдээгүй байна гэж үзжээ. Тиймээс ШӨХТГ цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл явцад хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, худалдааны шат дамжлагыг багасгах зэрэг арга хэмжээ авч ажиллах талаар санал, зөвлөмж гаргсан БХБЯ болон Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд хүргүүлжээ. Тус газраас хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна. 


Өнөөдрийн байдлаар Монгол Улсад иж бүрэн 6 үйлдвэр, 4 тээрэм ажиллаж, жилд 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүрдсэн бөгөөд дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангахаас гадна жил тутам 2 хүртэл сая тонн цементийг экспортлох боломжтой аж.




Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ