Хиймэл дагуулын VSAT систем ашиглан өргөн зурвасын сүлжээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-24 18:07:55

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй алслагдсан сум, суурин газруудыг сансрын холбооны VSAT систем ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх туршилтын төслийг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Энэхүү төслийг тус газраас Ази Номхон далайн цахилгаан холбооны байгууллагад хүсэлт гаргасны дагуу “Хөдөө орон нутагт хиймэл дагуулын VSAT систем ашиглан өргөн зурвасын сүлжээ бий болгох J3 төсөл”-ийг Япон улсын KDDI сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Дорнод аймгийн Халх гол сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдад 1.5 мега байт хурдтай интернэт урсгалыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэсэн төрийн байгууллагуудад хүргэх техникийн шийдлээс гадна тухайн байгууллагуудын дотоод сүлжээг давхар суурилуулж өгснөөрөө ач холбогдолтой.

VSAT иж бүрэн системийг, интернэтийн үйлчилгээний бүтэн жилийн үнэгүй ашиглах эрхийн хамт МТШХХГ болон KDDI сангийн төлөөлөгчид дээрх сумын удирдлагад хүлээлгэн өгсөн аж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд