Америкийн сансрын нисгэгчид ОУСС-д очлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-06-01 09:26:08

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ сансрын нисгэгч Роберт Бенкен, Дуглас Херли нар “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” хөлгөөс Олон улсын сансрын станц /ОУСС/ руу амжилттай нэвтэрчээ.  


Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс бямба гарагт хөөрсөн “Crew Dragon” 19 цаг аялж, сансрын буудалд орон нутгийн цагаар ням гаргийн өглөөний 10:16 минутад хүрчээ. Р.Бенкен, Д.Херли нар ОУСС-д 1-3 сар буюу 110 хүртэлх хоног байх төлөвтэй байна.



“NASA”-гийн дарга Жим Бриденстайнаас 19 цагийн аяллын талаар асуухад, “SpaceX” компанийн “Crew Dragon”-ы гүйцэтгэсэн даалгаварт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Сансрын нисгэгчид аяллынхаа хугацаанд унтаж, хоол идэж, ариун цэврийн өрөөнд орох боломжтой ажээ.


“Crew Dragon” сансрын нисгэгчдийг тээвэрлэн Америкийн нутаг дэвсгэрээс амжилттай хөөрч, ямар нэгэн доголдолгүйгээр ОУСС-д очсон нь түүхэнд бичигдэх үйл явдал боллоо. Мөн 2002 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш энэ цаг мөчийн төлөө хөдөлмөрлөсөн “SpaceX” компанийн хувьд энэ бол маш том амжилт юм.



“NASA”-гийн хувьд “Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш сансрын нисгэгчдийг ОУСС-д хүргэх сансрын хөлөг бүтээх чиглэлд хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн нь маргаан дагуулаад байсан хэдий ч ийнхүү амжилтад хүрсэн байна. 

Холбоотой мэдээ