ДЭМБ-аас гарах шийдвэрээ эргэн нягтлахыг АНУ-д уриалжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-06-02 11:29:29

ЖЕНЕВ. /Kyodo/. АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБгаргах шийдвэрээ эргэн нягтлахыг тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад шууд бус байдлаар уриаллаа.


“Дэлхий нийт АНУ-ын ард түмэн, Засгийн газар, ДЭМБ хоорондын хамтын ажиллагааны үр шимийг олон жилийн турш хүртэж ирсэн. ДЭМБ уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж Т.Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“АНУ-ын Засгийн газар, ард түмэн дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө олон арван жилийн турш маш их хувь нэмэр оруулж, өгөөмөр сэтгэл гаргасан нь энэ салбарт агуу өөрчлөлтийг бий болгосон” гэж ДЭМБ-ын тэргүүн нэмж хэлсэн байна.


Д.Трамп ДЭМБ-ыг БНХАУ-ын “утсан хүүхэлдэй” хэмээн нэрлээд, манай улс тус байгууллагатай харилцаагаа тасална гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Мөн тэрбээр коронавирусний тархалтын талаарх Бээжингийн “буруу ташаа мэдээллийг” өөгшүүлсэн хэмээн ДЭМБ-ыг шүүмжилжээ.


АНУ санхүүжилтээ зогсоох нь ДЭМБ-ын хувьд томоохон цохилт болох юм. АНУ 2018, 2019 онд ДЭМБ-д хамгийн их санхүүжилт олгосон орон болж, нийт 893 сая ам.долларын хувь нэмэр оруулсан нь ДЭМБ-ын төсвийн 15 орчим хувьтай тэнцсэн байна.


“ДЭМБ ирэх 30 хоногийн дотор дорвитой шинэчлэл хийхгүй бол манай улс тус байгууллагад олгодог санхүүжилтээ бүрмөсөн зогсоож, гишүүнчлэлээ эргэн харах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ