Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-03 10:30:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж байна. 


2016-2020 онд нийт 80 орчим тэрбум төгрөгийн 157 төсөл, арга хэмжээ хийлээ хэмээн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэв. Үүнээс 50 орчим хувь нь боловсролын салбарт хийсэн бол үлдсэн хувийг дэд бүтцийн ажлууд эзэлж байгаа юм. 

Тодруулбал УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачлан хэрэгжүүлж буй “Тайшир-Алтай” төсөл хэрэгжсэнээр Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амыг стандартад нийцсэн ундны усаар хангах юм. Одоогоор Алтайчууд ундны усаа Завхан голоос автомашинаар зөөвөрлөн хэрэглэдэг нь цаг хугацаа, тээвэрлэлтийн зардал гэх мэт эдийн засгийн хувьд хүндрэл дагуулсаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж байгаа “Тайшир-Алтай” төслийн үр дүнд Алтайчууд удахгүй стандартын шаардлага хангасан ундны цэвэр усыг өдөр тутамдаа хэрэглэдэг болох юм. 

Түүнчлэн “Солонго” хорооллын гадна шугам сүлжээний ажлыг энэ онд ашиглалтад оруулахаар “Түм дэлгэрэх” компани гүйцэтгэж байна. “Солонго” хороололд нийтдээ 2788 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгдсөн учир уг шугам сүлжээний ажил хийснээр “Солонго” хорооллын дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдэнэ гэж аймгийн ерөнхий архитектур Б.Бямбадорж мэдээлэв.


Холбоотой мэдээ