ХӨСҮТ коронавирус илрүүлэх гурван лабораторитой боллоо

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-06-03 11:48:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д коронавирус илрүүлэх гурав дахь лаборатори өнөөдрөөс ажиллахад бэлэн болжээ.


Тус төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, Германы Росфирм иммунологийн бүрэн автомат анализаториор хүний ийлдэс ба  сийвэн дэх SARS, коронавирус-2 эсрэг биеийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Уг оношлуурыг ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дуусжээ. Ингэснээр хүн амын дунд коронавирусний халдварын тархалт, дархлал тогтоц, дархлааны хариу урвалыг шинжлэх боломж улам өргөсөж байна.


Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 2-нд нийт 374 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, тандалтын зорилгоор Улсын Гурав болон Хоёрдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан найман сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан найман хүн, Зэвсэгт хүчний тусгай нислэгээр ирсэн 128 зорчигчийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 209 хүний шинжилгээний хариу багтжээ. Мөн Орхон, Дархан-Уул аймгийн тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгэнд коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээний хариу халдваргүй гарчээ.


Монгол Улсад коронавирусний батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэнээс 141 хүн  эмчлүүлж байна. Одоогийн байдлаар эдгэрсэн 44 хүнээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 15, ажиглалтаас 13 хүн гарчээ. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал тогтвортой 118 хүн хөнгөн, 23 нь хүндэвтэр байгаа аж.


Холбоотой мэдээ