Европын орнуудад хөл хориог хэрхэн цуцалж байна вэ?

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-06-04 17:10:19

ЛОНДОН. /BBC/. Европ даяар хөл хорионы арга хэмжээг хянуур, үе шаттайгаар цуцалж, аж ахуй нэгж, сургуулиудыг нээж байна. Европын орнуудад хөл хориог хэрхэн цуцалж байгааг танилцуулъя.


Герман: Дэлгүүрүүдийг нээж, хөл бөмбөгийн улирлын тоглолтыг эхлүүлэв

Германд хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн бөгөөд хөл хориог цуцлах эсэхээ 16 мужийн эрх баригчид шийдэх боломжтой болжээ. Гэвч Канцлер Ангела Меркель хаа нэгтээ халдвар тархаж эхэлсэн тохиолдолд “ослын тоормос” татна гэдгийг онцлон хэлжээ.



Германд Бундеслигийн улирлын тоглолтуудыг тавдугаар сарын 16-наас танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулж эхэлсэн нь Европтоо анхдагч болжээ. Мөн эрүүл ахуйн болон зайнаас харилцах дүрмийг мөрдөх журамтайгаар үйл ажиллагаа явуулахыг бүх дэлгүүрт зөвшөөрсөн байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд, төгсөх ангийн сурагчдыг хичээлдээ явахыг зөвшөөрчээ. 


Герман тавдугаар сарын 15-наас Австри, Франц, Швейцарын хилийн хяналтыг сулруулсан бөгөөд энэ сарын 15-наас бүрмөсөн цуцална. Мөн хоёр өрхийн хүмүүсийг хоорондоо уулзахыг зөвшөөрч, фестивал тэргүүтэй олон нийтийн томоохон арга хэмжээнүүдийг наймдугаар сарын эцэс хүртэл хоригложээ. А.Меркель зайнаас харилцах дүрмийг энэ сарын 29 хүртэл сунгасан байна. 


Итали: Оршуулгын ёслолд оролцож, илүү хол аялахыг зөвшөөрөв

Италид гуравдугаар сарын 7-ноос хатуу, урт хугацааны хөл хорио тогтоосон юм. Эхний ээлжинд хойд нутагт хөл хорио тогтоосон боловч сүүлд орон даяар болгож өргөжүүлсэн. Мөн гэрээсээ 200 метрээс хол зайд алхаж, дасгал хийхийг хориглосон юм.


Тус улсад тавдугаар сарын эхнээс зарим хязгаарлалтыг сулруулж, хол зайд зорчихыг, хамаатнуудынхаа гэрт зочлохыг зөвшөөрсөн. Энэ сарын 3-наас муж хооронд зорчих, Францад ирэх, гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө.


Италид цэнгээний газар, зоогийн газруудыг тавдугаар сарын 18-наас нээсэн бөгөөд цөөн үйлчлүүлэгч хүлээн авах, ширээнүүдийг зайтай байрлуулах, үйлчлүүлэгчдийг тусгаарлах хуванцар хаалт хийх шаардлага тавьжээ. Мөн тухайн өдрөөс үсчин, музей, номын сангуудыг нээж, тамирчдыг бэлтгэл хийхийг зөвшөөрчээ. 


Католик сүмүүдийг мөн тавдугаар сарын 18-наас олон нийтийг хүлээн авахыг зөвшөөрсөн бөгөөд зайнаас харилцах хатуу дүрмийг баримталж, амны хаалт зүүх шаардсан байна. Түүнчлэн оршуулгын ёслолд 15 хүртэлх хүн оролцохыг зөвшөөрчээ. Харин сургуулиудыг есдүгээр сар хүртэл нээхгүй ажээ. 


Мөн ихэнх муж дахь бялдаржуулах төв, бассейныг зайнаас харилцах хатуу дүрмийг баримтлах шаардлагатайгаар тавдугаар сарын 25-наас нээжээ. Харин уг шийдвэр Итали дахь халдварын голомт болох хойд нутгийн Ломбарди мужид хамааралгүй юм.


Пизагийн цамхаг тэргүүтэй жуулчдын сонирхох дуртай газруудыг тавдугаар сарын 30-наас нээсэн ба Сери А лигийн улирлын тоглолтууд энэ сарын 20-ноос эхэлнэ.


Франц: Хөл хориог сулруулах хоёрдугаар үе шатанд эхлэв

Францад гуравдугаар сарын 17-ноос хатуу хөл хорио тогтоож, иргэд гадуур гарахдаа зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм. Хөл хорионы хязгаарлалтуудыг тавдугаар сарын 11-нээс сулруулж эхэлсэн бөгөөд тэдгээрийг сулруулах хоёр дахь үе шат зургадугаар сарын 2-ноос эхэлж, 100 километрээс гадагш аялахгүй байх хязгаарлалтыг цуцалжээ.



Францын “ногоон бүсэд” хязгаарлалтуудыг илүү хурдан хугацаанд сулруулна. Парис хотын хувьд "улаан"-аас "улбар шар" бүс рүү шилжжээ. Эрх баригчид бүс нутгуудын халдварын түвшнийг харгалзан үзэж, өнгөөр ангилсан юм.


Хоёр дахь үе шатанд ногоон бүс дэх зоогийн болон цэнгээний газруудыг нээх бол улбар шар бүсийн үйлчилгээний газрууд гадаах талбайдаа үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болно.


Францад тавдугаар сарын 11-нээс бага сургууль, яслиудыг нээж, 18-наас ногоон бүс дэх сургуулиудын 11-15 насны сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Дунд ангийн сурагчдын хувьд нэг ангид 15-аас олноор хичлээллэхийг хориглосон бөгөөд амны хаалт заавал зүүх шаардлагатай. Ногоон бүсийн 15-18 настай сурагчид саяхнаас хичээлдээ явж эхэлжээ. 


Мөн 10-аас цөөн хүн нэг дор цуглахыг зөвшөөрч, өндөр настай хийгээд эмзэг бүлгийнхнийг шаардлагатай тохиолдолд гадуур гарахыг зөвшөөрсөн байна. 


Далайн эргийн амралтын газруудыг хатуу хязгаарлалтыг мөрдөх шаардлагатайгаар нээж эхэлсэн бөгөөд кинотеатрууд энэ сарын 22-ноос нээгдэнэ.


Балтын орнууд: Хил дамнан зорчихыг зөвшөөрөв

Балтын гурван орон болох Литва, Латви, Эстони чөлөөтэй зорчихыг зөвшөөрөх шийдвэрийг гаргасан Европын анхны орнууд болов. Гэвч зөвхөн өөр хоорондоо зорчихыг зөвшөөрчээ.



Тавдугаар сарын 15-наас иргэд, оршин суугчид гурван орноор чөлөөтэй зорчих боломжтой болжээ. Харин тэдэнд сүүлийн хоёр долоо хоногт Балтын орнуудаас бусад орноор зорчоогүй, халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй ойр байгаагүй байх шаардлагыг тавьж байгаа ажээ. 


Бусад орноос ирсэн хүмүүсийн хувьд 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай хэвээр байна. Эстонийн эрх баригчдын сүүлд мэдээлснээр, зургадугаар сарын 1-нээс Герман, Франц, Австри зэрэг орноос ирсэн хүмүүс өөрсдийгөө тусгаарлах шаардлагагүй болжээ.


Ирланд: Хөл хориог сулруулах таван алхам

Их Британийнхаас хатуу хөл хорио тогтоосон Ирландад оршин суугчид гэрээсээ хоёр километр зайд дасгал хийхийг зөвшөөрчээ. Ирландад тавдугаар сарын 18-наас хөл хориог сулруулах таван шатлалт төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн бөгөөд хязгаарлалтуудыг гурван долоо хоног тутамд сулруулж байна.



Сургуулиудыг есдүгээр сар хүртэл нээхгүй хэмээн мэдэгдсэн Ирландад барилгын ажилчид, цэцэрлэгчид тавдугаар сарын 18-наас ажилдаа оржээ. Мөн оршин суугчид гэрээсээ таван километр дотор гэр бүл, найзуудтайгаа 4-үүл уулзах боломжтой болжээ. Ирландад ирсэн бүх хүнийг 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай юм.


Энэ сарын 29-нөөс онц шаардлагатай ажилтнуудын хүүхдүүдийг яслид хүлээн авч эхлэх бол бусад ажилтны хүүхдүүд долдугаар сарын 20-ноос ирэх боломжтой ажээ. Мөн энэ сарын 8-наас бусад хүний гэрт зочлохыг, 29-нөөс гэрээсээ 20 километр зайд зорчихыг зөвшөөрнө. Хурим, шашны арга хэмжээ, цөөн хүний цуглааныг долдугаар сарын 20-ноос зөвшөөрнө.


Бельги: Дөрвөн хүн урихыг зөвшөөрнө

Асрамжийн газруудад олон хүн нас барсан Бельгид хөл хорионы хязгаарлалтуудыг аажмаар сулруулж байна.



Тавдугаар сарын 10-наас гэртээ дөрөв хүртэлх хүнийг урихыг зөвшөөрч, хувцасны дэлгүүрүүдийг тавдугаар сарын 4-нөөс нээсэн. Мөн 12-оос дээш насны бүх иргэн нийтийн тээвэрт амны хаалт зүүх шаардлагатай болжээ.


Бусад дэлгүүрийг тавдугаар сарын 11-нээс зайнаас харилцах хатуу дүрмийг баримтлах шаардлагатайгаар нээсэн байна.


Сургуулиуд тавдугаар сарын 18-наас хичээллэж эхэлсэн хэдий ч нэг ангид 10-аас олон сурагч суухыг хоригложээ. Зах, музей, амьтны хүрээлэнг ч мөн тухайн өдрөөс нээжээ.


Мөн үсчин, гоо сайхны салонууд тавдугаар сарын 18-наас нээсэн бол кафе, зоогийн газрууд энэ сарын 8-наас нээгдэнэ. Харин энэ сарын 30 хүртэл спортын, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.


Нидерланд: Үсчин, маникюрын газруудыг нээв

Нидерландад Бельгитэй харьцуулахад харьцангуй сул хөл хорио тогтоожээ. Ерөнхий сайд Марк Руттегийн танилцуулсан хөл хорионы хязгаарлалтыг сулруулах таван шатлалт төлөвлөгөө тавдугаар сарын 11-нээс хэрэгжиж эхэлжээ.



Тухайн өдрөөс номын сангууд нээгдэж, үсчин, гоо сайханч, маникюрчид ажилдаа явж эхэлжээ. Шөнийн цэнгээний газар, зоогийн газрууд зургадугаар сарын 1-нээс нэгэн зэрэг 30 үйлчлүүлэгч хүлээн авах боломжтойгоор нээгджээ. Кинотеатр, театруудыг ч мөн адилхан нөхцөлтэйгээр нээж, нийтийн тээврийн хэрэгсэлд 13-аас дээш насны иргэд амны хаалт заавал зүүхийг шаардаж эхэлсэн байна.


Дунд сургуулийн сурагчид зургадугаар сарын 2-ноос зайнаас харилцах дүрэмтэйгээр хичээлдээ явж эхэлжээ. Цэцэрлэгт хүрээлэн, амралтын газруудыг долдугаар сарын 1-нээс нээх бөгөөд театр, зоогийн газрууд 100 хүртэлх үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болно.


Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спортын тэмцээнүүдийг есдүгээр сараас зохион байгуулахыг зөвшөөрнө.


Австри: Хуримд оролцож, спортоор хичээллэхийг зөвшөөрөв

Австри нь хөл хориог хамгийн эхэнд сулруулж эхэлсэн орнуудын нэг юм. Эрүүл мэндийн сайд жижиг дэлгүүрүүдийг дөрөвдүгээр сарын дунд үеэс нээж эхэлнэ гэж мэдэгдсэн бөгөөд халдварын тохиолдол үүнтэй холбоотойгоор нэмэгдээгүй байна.



Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд болон үсчингүүдийг тавдугаар сарын эхнээс нээсэн бол цэцэрлэгт хүрээлэн, жижиг дэлгүүрүүдийг дөрөвдүгээр сарын 14-нөөс нээж эхэлжээ. Мөн теннис, гольф, хөнгөн атлетик зэрэг гадаа талбайн спортоор хичээллэхийг зөвшөөрчээ. Түүнчлэн тавдугаар сарын эхнээс 10 хүртэлх хүн нэг дор цуглах боломжтой болжээ.


Зоогийн газар, кафенууд тавдугаар сарын дунд үеэс нээгдсэн бол зочид буудал, кинотеатрыг сарын сүүлээс нээсэн байна. Үүний зэрэгцээ хуримд 100 хүртэлх хүн оролцохыг зөвшөөрсөн бөгөөд төгсөх ангийн сурагчид тавдугаар сарын эхнээс сургуульд явж эхэлжээ.


Дани: Хязгаарлалтуудыг дөрөвдүгээр сарын дунд үеэс сулруулав

Европын орнуудаас хамгийн эхэнд хөл хорио тогтоосон Данид дөрөвдүгээр сарын дунд үеэс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлжээ.



Өдөр өнжүүлэх төв, бага сургуулийн сурагчид дөрөвдүгээр сарын 14-нөөс хичээлдээ явж эхэлсэн боловч эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг сургуулийн байр луу орохыг зөвшөөрөөгүй байна. 12-16 настай сурагчид, төгсөх ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 18-наас сургуульдаа явах боломжтой болжээ.


Үсчин, гоо сайхны салонуудыг дөлөвдүгээр сарын 20-ноос нээжээ. Мөн тавдугаар сарын 28-наас мэргэжлийн спортын тэмцээнүүдийг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.


Худалдааны төвүүд тавдугаар сарын 11-нээс зайнаас харилцах дүрмийг баримтлах шаардлагатайгаар нээгджээ. Кафе, зоогийн газруудыг тавдугаар сарын 18-наас, кинотеатр, театр, музей, галлерейнүүдийг 21-нээс нээсэн байна.


Хилээр ихэнх хүмүүсийг нэвтрүүлэхгүй хэвээр байх боловч зургадугаар сарын 15-наас Норвег, Исланд, Германы жуулчдыг хүлээн авч эхэлнэ.


Зургадугаар сарын 8-нд эхлэх хөл хориог сулруулах гурав дахь үе шатанд гадаа талбайн спорт, коллежийн талаарх шийдвэрүүд гарна. Наймдугаар сарын эхээр эхлэх дөрөв дэх үе шат бялдаржуулах төв, бассейн, шөнийн клубийг хамарна. Ташрамд дурдахад, хөл хориог сулруулсан даруйд даничууд үсээ засуулахыг яаравчилсан байна.


Испани: Сургуулиудыг есдүгээр сар хүртэл нээхгүй

Европтоо хамгийн хатуу хөл хорио тогтоосон орнуудын нэг болох Испанид тавдугаар сарын 4-нд хязгаарлалтуудыг сулруулах дөрвөн шатлалт төлөвлөгөөг танилцуулжээ. Тус улсад 14-өөс доош насны хүүхдүүдийг зургаан долоо хоногийн турш гэрээс гарахыг зөвшөөрөөгүй юм.


Испанид зургадугаар сарын 1-нээс эхэлсэн хөл хориог сулруулах хоёр дахь үе шат испаничуудын 70 хувийг хамарсан боловч Мадрид, Барселона зэрэг зарим бүсэд хатуу хязгаарлалтыг мөрдсөн хэвээр байна. Испанид орон даяар тогтоосон онцгой байдал зургадугаар сарын 21-нд дуусна.


Зургаагаас дээш насны иргэд олон нийтийн газраар явахдаа зайнаас харилцах дүрмийг мөрдөх боломжгүй тохиолдолд заавал амны хаалт зүүх шаардлагатай ажээ. Төгсөх ангийн сурагчид тавдугаар сарын 26-наас хичээлдээ явж эхэлсэн хэдий ч бусад ангийн сурагчид есдүгээр сараас хичээлдээ явах боломжтой.


Тавдугаар сарын 11-нээс үйлчлүүлэгчид гадаа талбайд суун шар айраг захиалах боломжтой болсон боловч шөнийн цэнгээний газар, зоогийн газрыг зургадугаар сарын 10-наас нааш бүрмөсөн нээхгүй.


Театр, кинотеатр, үзэсгэлэнгүүд тавдугаар сарын 26-нээс нээгдсэн бөгөөд гадаа талбайд зохион байгуулах тоглолтыг 400-гээс доош хүн үзэхийг зөвшөөрчээ.


Хөл бөмбөгийн Ла Лигийн улирлын тоглолтууд зургадугаар сарын 11-нээс эхэлнэ. Долдугаар сарын 1-нээс хилийн чанадаас ирсэн хүмүүс 14 хоног тусгаарлагдах шаардлагагүй болно.


Швейцар: Музей, зоогийн газрыг нээв

Швейцар найман долоо хоног тогтоосон хөл хориогоо дөрөвдүгээр сарын 27-ноос үе шаттайгаар сулруулж эхэлжээ.


Үсчин, гоо сайхны салонууд дөрөвдүгээр сарын 27-ноос нээгдсэн бол сургууль, номын сан, музей, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаггүй дэлгүүрүүдийг тавдугаар сарын 11-нээс нээжээ. Мөн зоогийн газар, шөнийн цэнгээний газар, кафег нээж, нэг ширээнд дөрвөн хүн суулгах, ширээ хоорондын зайг хоёр метр байлгах шаардлага тавьсан байна.


Үүнээс гадна төмөр замын буудлуудыг гар ариутгагчаар хангаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүхийг иргэдэд зөвлөжээ.Тус улсад тавдугаар сарын 30-наас 30 хүртэлх хүн нэг дор цуглах боломжтой болжээ. Театр, кинотеатрыг зургадугаар сарын 6-нээс нээх бөгөөд олон нийтийг хамарсан арга хэмжээнд 300 хүртэлх хүн оролцохыг зөвшөөрнө.


Португал: Жижиг бизнесийг эхэнд

Европын өмнөд хэсгийн бусад оронтой харьцуулахад Португалд харьцангуй цөөн халдварын тохиолдол бүртгэгджээ. Засгийн газар эдийн засгийн салбаруудыг сэргээх гурван шатлалт төлөвлөгөөг танилцуулсан байна.



Тавдугаар сарын 4-нөөс жижиг дэлгүүр, үсчин, автомашины албан ёсны борлуулагч, номын дэлгүүрүүд нээгджээ. Дараа нь томоохон дэлгүүр, зоогийн газар, музей, кафег тавдугаар сарын 18-наас нээжээ.


Бага насны хүүхдүүд, дунд сургуулийн зарим сурагч тавдугаар сарын 18-наас хичээлдээ явж эхэлсэн боловч бусад сурагч цахим хичээлдээ үргэлжлүүлэн хамрагдаж байна. Худалдааны төв, театр, кинотеатруудыг зургадугаар сард нээнэ.


Грек: Хязгаарлалтуудыг цуцлах төлөвлөгөөнд аялал жуулчлалд голчлон анхаарна

Грект “COVID-19”-ийн анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн бөгөөд Засгийн газар нэн даруй хөл хорио тогтоожээ. Ерөнхий сайд Кириакос Мицотакис хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын 28-нд танилцуулжээ.



Сүмүүд тавдугаар сарын 4-нөөс ганцаарчлан мөргөл үйлдэх хүмүүсийг хүлээн авч, тавдугаар сарын 17-ноос шашны арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Төгсөх ангийн сурагчид тавдугаар сарын 11-нээс хичээлдээ явж эхэлсэн бол зургадугаар сарын 1-нээс бага сургууль, цэцэрлэг нэг ангид 15 хүүхэд хичээллэх боломжтойгоор нээгджээ.


Мөн бүх дэлгүүр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болжээ. Кафе, зоогийн газрын хувьд тавдугаар сарын 25-наас нээгдсэн байна. Грект далайн эргийн амралтын газруудыг тавдугаар сарын 4-нөөс нээсэн бөгөөд зургадугаар сарын 15-наас “жуулчдын улирал” эхэлнэ гэж мэдэгджээ. Тухайн өдрөөс зочид буудлуудыг нээх ажээ.


Мөн грекчүүд арлууд руу тавдугаар сарын 25-наас аялах боломжтой болсон байна. Тус улс долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг хоёр долоо хоног тусгаарлахаа болино.


ОХУ: Иргэд ажилдаа явж эхлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар тогтоосон хөл хориог тавдугаар сарын 12-ноос сулруулж буйг мэдэгджээ. Мөн ажилгүйдлийн түвшин дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс бизнесийн үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй гэж үзжээ.


В.Путины төлөвлөгөөний дагуу барилга, аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг хамгийн эхэнд сэргээхээр болжээ. Гэсэн хэдий ч олон нийтийн томоохон арга хэмжээнүүдийг хориглосон хэвээр байх ажээ.


Халдвар хамгийн их тархсан хот болох Москвад зургадугаар сарын 1 хүртэл хатуу хязгаарлалтуудыг мөрдсөн бөгөөд дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, бээлий өмсөх шаардлагатай байна.


Сургуулиудын сургалтыг зогсоосон хэвээр байгаа бөгөөд олон ажилтан гэрээсээ ажиллаж байна.


Польш: Цэцэрлэгт хүрээлэн, ой модтой газруудыг хамгийн эхэнд нээв

Польшийг Европын баруун хэсгийн орнуудтай харьцуулахад халдварын харьцангуй цөөн тохиолдол бүртгэгджээ. Тус улсад дөрөвдүгээр сарын 20-ноос хязгаарлалтуудыг цуцалж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд цэцэрлэгт хүрээлэн, ой модтой газруудыг нээжээ.


Зочид буудал, дэлгүүр, худалдааны төв, музей, галлерей тавдугаар сарын 4-нөөс нээгджээ. Түүнчлэн иргэд вакцин гарах хүртэл олон нийтийн газраар заавал нүүрээ халхалж явах шаардлагатай юм байна. 


Польшт тавдугаар сарын 18-наас Зоогийн газар, кафе, үсчин, гоо сайхны салоныг нээжээ. Бага сургуулиудыг тавдугаар сарын 25-наас нээсэн бөгөөд төгсөх ангийн сурагчид ч мөн хичээлдээ явж эхэлсэн байна.


Экстракласа хөл бөмбөгийн лигийн улирлын тоглолтууд тавдугаар сарын 29-нөөс эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 19-нөөс хөгжөөн дэмжигчидтэйгээр тэмцээнээ явуулахыг зөвшөөрнө.


Швед: Хатуу хязгаарлалтыг огт тогтоохгүй

Шведэд Европын бусад оронд тогтоосон шиг хөл хорио тогтоогоогүй юм. Гэвч Засгийн газрын зөвлөгөөний дагуу иргэдийн дийлэнх нь сайн дураараа зайнаас харилцаж, гэрээсээ ажиллаж байгаа ажээ.



Зоогийн газар, шөнийн цэнгээний газар, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Гэсэн хэдий ч 50-аас дээш хүн нэг дор цуглахыг хоригложээ. Шведэд халдварын улмаас 4000 гаруй хүн нас баржээ. Уг үзүүлэлтийг хүн амын тоотой нь харьцуулахад Нордикийн орнууддаа нэгдүгээрт бичигдэж байна.


Дани, Норвеги залгаа хилүүдээ зургадугаар сарын 15-наас нээхээр тохиролцсон бөгөөд Шведэд халдварын түвшин өндөр байгаа тул уг хэлэлцээнд оролцуулаагүй ажээ. 

Холбоотой мэдээ