Ус бохирдуулагчийн тооллого судалгааг сумдад хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-08 10:07:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүд усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, бохирдохоос сэргийлэх, усыг зөвшөөрөлгүй ашиглах зэрэг асуудлаар шинэ хуулийг сурталчлах ажлыг сумдад зохион байгуулж байна.

Уг хуулийн хэрэгжилтийг ханган ажиллуулах зорилгоор аймгийн БОАЖГ, “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа” холбогдох байгууллага хамтран ус бохирдуулагчийн тооллого судалгааны ажлыг сумдад зохион байгуулж байгаа юм. Судалгаагаар дан ганц ус бохирдуулагч гэлтгүй ус агаар хөрс бохирдуулагчийн тооллогыг давхар хийж байгаа тухай БОАЖГ-аас танилцууллаа.

Одоогоор аймгийн 10 суманд тооллогын ажлыг хийгээд байгаа бол үлдсэн сумдад энэ сарын 10-наас ажиллах бөгөөд энэ үеэр ус ашиглагч аж ахуйн нэгжүүдийн ус ашиглуулах дүгнэлтийг газар дээр нь гаргаж төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна хэмээн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Содмаа мэдээлэв.


Холбоотой мэдээ