Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо 400 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-08 09:29:37

ЛОНДОН. /Reuters/. Бразил, Энэтхэгт коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буй энэ үед дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо 400 мянга давсныг “Reuters” агентлагийн мэдээлэл харууллаа.


COVID-19”-өөр нас барсан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь АНУ-д бүртгэгдсэн боловч Өмнөд Америкт энэ үзүүлэлт хурдацтай нэмэгдэж байна. Уг халдвараар нас барсан хүний тоо сүүлийн таван сарын хугацаанд дэлхийн хамгийн аминд халтай халдварт өвчнүүдийн нэг болох хумхаагаар жилд нас барсан хүний тоотой тэнцэж буй нь энэ юм.


Дэлхий даяар бүртгэгдсэн “COVID-19”-ийн тохиолдлын тоо долоон саяд дөхөж байгаагийн хоёр сая орчим буюу 30 хувь нь АНУ-д бүртгэгдсэн бол халдварын хоёр дахь том голомтод тооцогдож буй Латин Америкт 15 хувь нь илэрсэн гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. Тус агентлаг нь Засгийн газруудын албан ёсны мэдээлэлд үндэслэн тооцоогоо гаргадаг байна.


COVID-19”-ийн улмаас нас барсан анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн хэдий ч халдвараар нас барсан хүний тоо дөрөвдүгээр сарын эхээр 100 мянгад хүрсэн юм. Харин уг үзүүлэлт сүүлд 24 хоногийн дотор 300 мянгаас 400 мянгад хүрчээ.


АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 110 мянган хүн нас баржээ. Бразилд халдвараар нас барсан хүний тоо огцом нэмэгдэж байгаа тул уг үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй Их Британийг давж магадгүй байна.


Мөн олон оронд нас барсан бүх хүнд шинжилгээ хийх боломж дутмаг байгаагийн зэрэгцээ зарим оронд эмнэлгээс гадна нас барсан хүмүүсийг албан ёсны тоонд оруулахгүй байгаа тул халдварын улмаас нас барсан хүний тоо албан ёсоор бүртгэгдсэн үзүүлэлт болох 400 мянгаас өндөр байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ