Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-08 14:59:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаадугаар сарын 8-нд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцуулав. 


Тус аймгийн иргэд тулгамдаж буй асуудлаа 2017 онд Ерөнхий сайдад уламжилсны дагуу Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр танилцуулсан юм. Тухайлбал 50 ортой төрөх эмнэлэг, сургууль цэцэрлэг, онцгой байдал, гэр бүл хүүхэд залуучуудын ордны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2018, 2019 оны төсөвт суулгуулсны үр дүнд гүйцэтгэлийн ажил хийжээ. Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох “Тайшир-Алтай ус хангамж” төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг тус тус хэрэгжүүлж, барилга гүйцэтгэлийн ажил дуусах шатандаа явж байгааг онцоллоо. 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Говь-Алтай аймагт улсын болон олон улсын хөрөнгө оруулалтаар 318 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд нэг ч сум бүтээн байгуулалтын гадна үлдээгүйг ард иргэд мөн үеэр хэлж байлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг дуусгаж, Засгийн газрын бодлого шийдвэрийн үр шимийг нийт ард иргэддээ хүртээх ажлыг тууштай, хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ. 2020-2024 онд хийж буй ажлаа үргэлжлүүлэхээс гадна эрүүл хүнсээр иргэдээ хангах,  эрчим хүчээр эх орноо хангах, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа бие даан шийдвэрлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ. 

Ирэх жилүүдэд ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг багасгаж, амьдралд дэм тус болох, улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлөх олон ажлыг санаачлан ажиллахыг Алтайчууд захив.


Холбоотой мэдээ