Г.Отгонцоож: Автомат диализын эмчилгээ нэвтрүүлснээр өвчтөн сурч, хөдөлмөрлөх боломжтой болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-11 11:54:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УНТЭ бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах  “Автомат хэвлийн диализ- APD” эмчилгээний технологи болон гемодиализ эмчилгээний “В буюу содын уусмал” –ыг орчин үеийн шийдлээр буюу хуурай хэлбэрээр хэрэглэж эхлээд байна. УНТЭ Бөөрний төвийн гемодиализын тасгийн ахлах сувилагч Н.Наранцацрал болон хэвлийн диализын сувилагч  Г.Отгонцоож нартай манай улсад элбэгшиж байгаа бөөрний дутагдал өвчний шалтгаан нөхцөлийн талаар ярилцлаа.


Н.Наранцацрал: Гемодиализын тасгийн нийт аппаратын 80 хувь нь хуурай содын уусмалаар эмчилж байна



- УНТЭ  Бөөрний төвийн Гемодиализийн тасагт  В буюу содын уусмалыг орчин үеийн шийдэл болох хуурайгаар нь хэрэглэж эхэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?


-Манай эмнэлгийн Бөөрний төвийн Гемодиализын тасаг нь бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн эмчилгээнд хэрэглэдэг содыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн эмчилгээндээ нэвтрүүлээд байна. 2005 оноос өнөөг хүртэл бид гемодиализ эмчилгээндээ аппаратын загвараас шалтгаалж, содыг шингэн хэлбэрээр хэрэглэж байсан бол  өнөөдөр “В буюу содын уусмал” –ын орчин үеийн шийдэл болох хуурай хэлбэрээр хэрэглэх болсон. Гемодиализын тасгийн нийт аппаратын 80 хувь нь хуурай содын уусмалаар эмчилж байна. Хуурай содын давуу тал нь хадгалах хугацаа урт, нян  бактери үүсэх эрсдэлгүй,  аппарат хэвийн ажиллахад нөлөө үгүй болж тээвэрлэхэд илүү тохиромжтой. 


-Үүнээс гадна танай эмнэлэгт “Автомат хэвлийн диализ" эмчилгээний технологийг нэвтрүүлэн бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэж байсан?


-Бид бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох “Автомат хэвлийн диализ- “APD” эмчилгээний технологийг 2019 онд нэвтрүүлсэн.

Өмнө нь өвчтөн хэвлийн диализ эмчилгээний нэг төрөл болох Амбулатогийн тасралтгүй хэвлийн диализ – “CAPD” эмчилгээнд харагдсан тохиолдолд өдрийн ихэнх цагийг эмчилгээндээ зарцуулдаг байсан. Тэгвэл “APD” технологийг нэвтрүүлснээр эмч, сувилагч, инженер, техникч нарын оролцоогүй эмчилгээг гэртээ шөнийн цагаар, амарч нойрсох явцдаа ч 6-8 цаг хийх боломжтой болсон. Эмчилгээг эмч, сувилагч нар тухайн хүний биеийн жинд тааруулан машинд программчилж, хэвлийд байрлуулсан зориулалтын уян гуурсаар хордлого тайлах уусмалыг оруулж, гарган хийдэг.



Г.Отгонцоож: УНТЭ өдөртөө 55-65 хүнд гемодиализийн эмчилгээ хийдэг


-Өвчтөний амьдралын хэмнэлийг орвонгоор нь өөрчилнө гэсэн үг байна шүү дээ. Үүнээс гадна хэвлийн диализын машины онцлог, давуу тал нь юу вэ?


-Автомат диализын эмчилгээ нь зүрхний дутагдал бүхий өвчтөнд илүү зохимжтой бөгөөд хэвлийн урд хананд даралт учруулдаггүй тул ивэрхий, зүрхний дутагдал, судасны өвчлөл үүсэх нь бага. Үүнийгээ дагаад өвчтөний амьдралын чанар дээшилж, өдрийн цагаар сурч, хөдөлмөрлөх боломжтой болсон. Автомат хэвлийн диализын машиныг манай улсад одоогийн байдлаар 10 хүн  хэрэглэдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт долоон хүн, Улсын хоёрдугаар эмнэлэгт хоёр, Архангай аймагт нэг хүн хэрэглэж байна. 


-Тэгэхээр бөөрний  эмчилгээний чиг хандлага хэвлийн диализ руу шилжиж байна гэж ойлгож болох уу?


-2018 оноос хойш маш олон хүн хэвлийн диализын эмчилгээнд орсон. 2019 оноос Төв, Дорнод, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь аймгуудад тус эмчилгээ хийж  байна. Гэвч аймгуудад аппарат, тоног төхөөрөмжийн хүрэлцээ маш бага. Бөөрний дутагдал гэх өвчин жил ирэх тусам нэмэгдээд л байна. Харин гемодиализын аппаратын  тоо хүрэлцээгүй хэвээр.  Тэгвэл хэвлийн диализын эмчилгээ нэвтэрснээр хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой болсон.


-Бөөр өвдсөн үед ер нь ямар эмчилгээ хийдэг вэ? Иргэд  гемодиализын эмчилгээг л сайн мэддэг?


-Бөөр өвдсөн үед бөөр орлуулах эмчилгээг хэрэглэдэг. Гемодиализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт дөрвөн цагаар гурван удаа эмчилгээнд тогтмол хамрагдана. Ингэснээр, эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.


Иргэд гемодиализаар хамгийн их эмчлүүлдэг. Тус эмчилгээ нь диализатор буюу цусны шүүлтүүрийн тусламжтай хүний цусанд хуримтлагдсан хорт бодис, шээс зэргийг ялган авч цус цэвэршүүлдэг. Өөрөөр хэлбэл, бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд нь хэвийн болж, амь нас нь аврагдсанаар бөөр сэргэж ирдэг.


Үүнээс гадна хэвлийн диализын эмчилгээ. Хэвлийн диализ нь Гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр  болгон ашигладаг юм. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү  уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү "шүүгдсэн шээстэй" уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана. Уг уусмалд халдвараас сэргийлж антибиотик нэмнэ. Хэвлийн диализийн давуу тал нь шингэнийг зѳѳлѳн тогтвортойгоор гадагшлуулж, бѳѳрний нөөц үйл ажиллагааг хамгаалдаг.


-Хүмүүс гемодиализын эмчилгээг түлхүү хийлгэж байна. Тэгвэл гемодиализаас хэвлийн диализ руу шилжих боломжтой юу?


-Гемодиализаас хэвлийн диализ руу шилжих боломжтой. Манай улсын иргэд хэвлийн диализ эмчилгээнд зуун хувь үнэгүй хамрагдан тусламж үйлчилгээг авч байна.  Энэ эмчилгээ нь үр дүн маш сайтай байдаг.


-Танайд өдөрт хэчнээн хүн гемодиализын эмчилгээнд ордог вэ?


-Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар гемодиализын 25 аппарат ажиллаж өдөртөө 55-65 хүнд гемодиализын эмчилгээ хийж байна.


- Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь юу вэ?


-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд чихрийн шижин, цусны даралт ихсэх, амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолойн архаг үрэвсэлт өвчин, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна.



Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Бөөрний түүдгэнцэр гэсэн оноштой бол эмчийн хяналтад байх ёстой. Гэтэл хүмүүс эмчилгээний хугацаагаа тогтвортой барьж чаддаггүй. Үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар бөөрний дутагдалд орчихдог. Түүдгэнцрийн үрэвсэл үүсгэдэг гол шалтгаан нь амны эрүүл ахуй. Энэхүү өвчний 60-70 хувь нь амны эрүүл ахуйнаас шалтгаалж байна. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Өвчилсөн бүсгүйчүүд хүйтний улиралд доороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн аливаа бөөрний үрэвслийг эмчлэхгүй бол бөөрний дутагдалд орох аюултай. Бөөрний архаг өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөн бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах болно. Нэгэнт бөөрний дутагдал гэсэн онош тавигдвал эргээд хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс бөөрний дутагдалд хүргэхгүй байх нь чухал. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийгөө энэ өвчнөөс бүрэн эмчилж, хамгаалж чадна.


-Хоол хүнсний зохисгүй хэрэглээ хэрхэн нөлөөлж байна вэ?


-Тухайлбал, давс ихтэй хоол байна. Бөөр нь цус төлжүүлэх эрхтнээс гадна даралтыг зохицуулж, шингэнийг тэнцвэржүүлдэг. Их шингэн уусан тохиолдолд их шээнэ. Хэрэв бид давс ихтэй хоол идвэл шингэн дутагдана. Шингэний тэнцвэр алдагдахад даралт ихэснэ. Цусны даралт ихсэхэд зүрхэнд ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өөх тостой хоол идээд их хэмжээний таргалалттай байвал судасны хатуурал үүсдэг. Бөөр нь судаслаг эрхтэн. Гэтэл таргалалттай холбоотой судасны ханан дээр өөхөн дуслууд наалдаж, судасны ханыг хатууруулдаг. Үүнээс болж даралт ихэсдэг. Тиймээс өөх тостой, шорвог хоол, архи дарс, буруу хооллолт энэ өвчнөөр өвчлөх бас нэг шалтгаан болно.


Ер нь ямар ч хүн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллож, амьдралын зөв хэвшлийг өөртөө, гэр бүлдээ бий болгох хэрэгтэй.


-Тэгвэл бөөрөнд сайн нөлөө үзүүлдэг ямар хүнс байдаг вэ?


-Бөөрний өвчний үе шатаас хамааран хоололтод анхаарах хэрэгтэй байдаг. Ингэний хоормогыг уух нь бөөр төдийгүй биед сайн нөлөөтэй. Мөн бөөрний цайг хэрэглэж сурах хэрэгтэй. Тухайлбал, Хөвсгөлийн Тайга цай нь дотроо нохой хошуу, тэхийн шээг зэрэг бөөрөнд дэмжлэг болох ургамлуудыг агуулсан байдаг. Манайхан шингэн бага хэрэглэж хуурай хоол их иддэг. Энэ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж байна. Тиймээс шингэн зүйл сайн ууж бай гэж зөвлөмөөр байна.


-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?


-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, өвчин хүндэрсэн тохиолдолд хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэсдэг. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал.


Бөөрний архаг өвчний эхний үе шатанд онцын шинж тэмдэг, зовиур  илэрдэггүй ч өвчний 3-р үеэс ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйдэж эхэлдэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна  амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртэж байгаа нь тэр.


-УНТЭ-ийн Бөөрний төвийг товч танилцуулбал?


-УНТЭ  Бөөрний төв нь хөдөө орон нутгийн 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх эмнэлгүүдэд нефрологи, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах, хяналт, гемодиализийн чиглэлээр зөвлөгөө өгөх, боловсон хүчин бэлтгэх зэргээр тусалдаг “Сургалт арга зүйн төв” юм. 


Бөөрний төвөөр Гемодиализ эмчилгээнд 95, хэвлийн диализ эмчилгээнд 35, APD эмчилгээнд 10 хүн эмчлүүлж байна. Нийт 132 эмчлүүлэгч байнгын хяналтад байдаг. Өдөрт гемодиализын эмчилгээнд 55-65 өвчтөн ордог.


Бөөрний төв нь 10 их эмчтэй, 2 сувилахуйн багаар Бөөрний эмгэг судлалын тасаг болон гемодиализын тасагтайгаар ажиллаж байна. Гемодиализын сувилахуйн баг нь нэг ахлах сувилагч, 14 сувилагч, дөрвөн техникч, хоёр үйлчлэгчтэй.

Холбоотой мэдээ