Арилжааны зуучлал, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-12 14:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны ээлжит хуралдаан болж "COVID-19" цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар гаргасан УИХ-ын тогтоолын дагуу хорооноос хийх ажил, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Тухайлбал, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ХАА-н биржийн арилжааны зуучлагчаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг энэ оны 4 дүгээр сарын 29-нээс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл “тэглэх”, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын бодлого, журамд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Мөн “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, олон нийтээс хөрөнгө татах зөвшөөрлийг олголоо. Дээрх сан нь  Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6 сарын дотор татан төвлөрүүлэх юм. 

Үүний зэрэгцээ Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэх зорилгоор “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн 3 хувь, нийт батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн хэмжээнээс 20 дахин нэмэхээр тогтоолоо. Энэ шийдвэр нь ЖДҮ эрхлэгчдийн батлан даалт авах боломжийг нэмж, өрийн дарамтыг багасгаж, батлан даалтын үйл ажиллагааны хүртээмжийг нэмэх юм.

Холбоотой мэдээ