УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсныг МАН эсэргүүцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсныг эсэргүүцэж, өнөөдөр МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэр дэвшигчийг саатуулна гэдэг нь Ж.Эрдэнэбатын асуудал биш, МАН-ын асуудал биш, Монгол Улсад цаашид хууль журам хэрэгжих үү гэдэг асуудал. Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусаагүй, халдашгүй дархан эрхтэй хэвээр байгаа. УИХ-ын гишүүнийг цагдан хорих, албадан саатуулах, албан өрөө, тээврийн хэрэгсэлд нь нэгжлэг хийхийг хуулиар хориглодог. Энэ бол парламенттай улс орон бүрт байдаг жишиг. УИХ-ын гишүүнийг хорьж, төрийн эргэлт хийх, ард түмний төлөөлөл үгээ хэлэх боломжийг хязгаарлах үйлдэл гарахаас сэргийлэх зорилготой. Тиймээс шүүхийн энэ үйлдэл Монголын төрт ёсонд халдсан үйлдэл. Тиймээс Монгол Улсад ажиллаж байгаа бүх хуульч энэ мэт илт хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэж, үгээ хэлэхийг уриалж байна" хэмээв.
Мөн тус намаас УИХ-д нэр дэвшиж буй Б.Энхбаяр, "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэм, улс төрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. Зөвхөн нэр дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсанаар нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон талын хорт үрт дагавартайг үүгээр сануулан, хуулиа дээдлэхийг албан ёсоор шаардаж байна" хэмээлээ.
УИХ-ийн тухай хуулийн 35 дугаар зүйлд нэр дэвшигчийн эрхийг доорх байдлаар хамгаалжээ. Тодруулбал:
35.2.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.
35.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно гэж заажээ.
Ташрамд дурдахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ сарын 11-ний шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр 02.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулсан. Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.