БНСУ-д халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-13 14:05:17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д баасан гарагт коронавирусний халдварын 49 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 12051-д хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 44 нь дотоодод халдварласан бөгөөд нэгээс бусад нь Сөүл хот болон нийслэлийн эргэн тойрны бүсэд бүртгэгджээ. Сөүл хотын бүсэд “Coupang” цахим худалдааны компанийн хүргэлтийн төв, жижиг сүмүүд, хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ, ширээний теннисийн клуб зэрэгт халдварын жижиг голомт үүссэн юм.


Мөн халдварын шинж тэмдэггүй, “чимээгүй” вирус тээгчдээс халдвар тархаж болзошгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжтэй ажилласан хэвээр байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварласан нийт өвчтөний 30 орчим хувиас шинж тэмдэг илрээгүй ажээ.


БНСУ-д энэ сарын 12-ны байдлаар халдвар авсан 10691 хүн буюу нийт өвчтөний 89 орчим хувь нь эдгэрсэн бол 277 хүн нас баржээ. Баасан гарагт халдварын таван шинэ тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр ийм тохиолдлын тоо 1330-д хүрсний дийлэнх нь БНСУ-ын иргэд байна. Тус улсад өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 1094704 хүнд буюу 50 хүн тутмын нэгд коронавирусний шинжилгээ хийжээ. 

Холбоотой мэдээ