Бээжинд 46 хүнээс халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-13 15:44:44

БЭЭЖИН. /Xinhuа/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын фермийн бүтээгдэхүүний бөөний зах, томоохон супермаркетуудад баасан гарагт нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд 46 хүний хоолойн арчдасаас “COVID-19” илэрсэн байна. 


“Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх алба захууд дээрх 1940 хүнээс нуклейн хүчлийн шинжилгээ авсан. Бээжингийн томоохон бөөний зах болох “Шиньфади” захаас цуглуулсан 517 сорьцын 45-ын хариу эерэг гарсан” гэж тус хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Шинхуо бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Мөн Бээжингийн Хайдянь дүүргийн фермийн бүтээгдэхүүний захаас цуглуулсан сорьцуудын нэгээс халдвар илэрсэн бөгөөд уг өвчтөн “Шиньфади” захаас илэрсэн тохиолдлуудын нэгтэй ойр байсан нь тогтоогджээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан 46 хүнд халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэднийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулсан байна. 


“Шиньфади” бөөний зах дээр ажилладаг, ойр байсан хүмүүсээс халдвар илэрсэнтэй холбогдуулан уг захыг халдваргүйжүүлэхийн тулд бямба гарагт түр хаажээ. “Өнгөрсөн тавдугаар сарын 30-наас хойш уг захаар үйлчлүүлсэн бүх хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулна” гэж Бээжин хотын Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, Бээжин хотод нуклейн хүчлийн шинжилгээ хийх, чанарын шаардлага хангасан 98 хүрээлэн бий бөгөөд өдөрт 90 мянган хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой ажээ. 112 га талбайд үйл ажиллагаа явуулдаг “Шиньфади” зах нь менежментийн 1500 ажилтан, 4000 гаруй түрээслэгчтэй юм байна. 

Холбоотой мэдээ