Э.Макрон коронавирусний эсрэг "анхны ялалт" байгуулснаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-06-15 10:09:29

ПАРИС. /France24/. Шинэ коронавирусний халдварын тархалтын эсрэг тэмцэл дуусаагүй байгаа хэдий ч вирусний эсрэг "анхны ялалтыг" байгуулсандаа баяртай байна гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.


Мөн Э.Макрон коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог сулруулах төлөвлөгөөг эрчимжүүлж буйгаа ням гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


Парис хот болон тус хотын эргэн тойрны бүс зэрэг эх газрын Франц бүхэлдээ даваа гаргаас түгшүүрийн бага түвшин бүхий “ногоон бүсийн” ангилалд орох бөгөөд ингэснээр нийслэл хотын кафе, зоогийн газрууд үйл ажиллагаагаа бүрэн нээх боломжтой гэж тэрбээр хэлжээ.


Харин хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Майоатта арал, Францын Гвианаг “улбар шар” буюу халдварын тохиолдлын тоо өндөр байгаа бүсийн ангилалд оруулсан хэвээр байх ажээ.


Э.Макроны мэдээлснээр, ахлах сургуулиудаас бусад бүх сургуулийг энэ сарын 22-ноос нээнэ. Ингэснээр эцэг эхчүүд ажилдаа явж, сурагчид зуны амралт эхлэхээс өмнөх цөөн хэдэн хоногт сургуульдаа явах боломжтой болох юм байна.


Мөн асрамжийн газруудад байгаа хүмүүсийг даваа гаргаас гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахыг зөвшөөрөх ажээ. Асрамжийн газруудад хамгийн олон буюу 29 мянга гаруй хүн халдвараар нас барсан хэдий ч сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо илт буурчээ.


Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сард явуулахаар товлоод байсан хотын зөвлөлийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг зургадугаар сарын 28-нд явуулна гэж Ерөнхийлөгч мэдэгджээ.


Гэвч халдвар тархах өндөр эрсдэл бүхий олон нийтийн цуглааныг “хатуу хянасан” хэвээр байна гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна.


Мөн Э.Макрон эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг салбаруудад дэмжлэг үзүүлэхийн тулд 500 тэрбум евро буюу 563 тэрбум ам.долларыг Засгийн газраас олгоно гэж мэдэгджээ.  

Холбоотой мэдээ